Британийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд төр барьсан Ерөнхий сайд Лиз Трасс
2022-10-21

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон үүрэгт ажлаасаа огцорч байгаа талаар долдугаар сард мэдэгдсэний дараа Британийн эрх баригч нам намын дарга, ерөнхий сайдыг тодруулах сонгууль явуулсны эцэст Гадаад хэргийн сайд асан Лиз Трасс дотоод сонгуульд ялалт байгуулж Ерөнхий сайд болсон юм. Гэсэн ч ердөө сар гаруй хугацаанд түүний нэр хүнд унаж, улмаар Лиз Трассыг огцруулах яриа газар авч байлаа. Амлалтаасаа буцсан, Британийн эдийн засгийг доройтуулсан гэж буруутгагдсан Лиз Трасс засгийн эрхэнд 45 хоног байсны эцэст 10 дугаар сарын 20-ны өдөр огцорлоо. 

 

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс огцрохоо мэдэгдсэн бөгөөд тэрбээр III Чарльз хаанд ч энэ талаараа дуулгасан гэнэ. Одоо эрх баригч Консерватив нам намын дарга болон засгийн газрын тэргүүнийг сонгох шинэ сонгууль явуулах юм байна. 

 

"Эдийн засгийн болоод олон улсын тогтворгүй байдал газар авсан нөхцөлд би албан тушаалд очсон. Айл өрх, албан байгууллагууд төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэж санаа зовниж байсан. Путиний Украин дахь хууль бус дайн манай тивийн аюулгүй байдалд заналхийлж байна. Манай орон ч эдийн засгийн бага өсөлтийг хэтэрхий удаан тэслээ. Би энэ бүхнийг өөрчлөхөөр Консерватив намаас сонгогдсон. Бид эрчим хүчний тал дээр өөрчлөлт хийж, үндэсний даатгалын шимтгэлийг багасгасан. Брекситийн дүнд олж авсан давьуу тал, эрх чөлөө бүхий бага татвартай хурдацтай өсөлттэй эдийн засгийг концепцийг бид тавьсан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан, намайг сонгосон Консерватив намаас олгосон үүргийг би гүйцэтгэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна" хэмээн Лиз Трасс мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө тэрбээр татварын өөрчлөлтийнхөө төлөө шүүмжлэлд өртөж, Сангийн сайдаа огцруулж, нийтэд зарласан төсвийн төлөвлөгөөнөөсөө татгалзахаас аргагүй болж байлаа. Түүнчлэн сүүлийн үед Консерватив намын нэр хүнд Британид социологийн судалгаа явуулж эхэлсэн түүхэнд анх удаа хамгийн доод үнэлгээг авсан юм.

 

Засгийн эрхэнд 45 хоног

Лиз Трасс таван долоо хоногийн өмнө Консерватив намын дарга болон Ерөнхий сайдаар сонгогдсон юм.Өмнө нь Борис Жонсоны засгийн газарт Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан тэрбээр засгийн эрхэнд ердөө 45 хоног боллоо. 

 

Лиз Трасс засгийн эрхэнд ердөө 45 хоног байснаараа Британийн шинэ үеийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд төр барьсан Ерөнхий сайд болж байгаа юм. Үүнээс өмнө, хамгийн богино хугацаанд төр барьсан Ерөнхий сайд нь Жорж Каннинг байв. Тэрбээр 1827 онд Ерөнхий сайдаар томилогдож, 119 өдөр болоод таалал төгсжээ. 

 

Борис Жонсоны араас төрийн эрхэнд гарсан Лиз Трасс чинээлэг хүмүүсийн татварыг багасгаж, бизнест ногдуулах татварыг ихэсгэх төлөвлөгөөг цуцалж, эрчим хүчний хямралаас үүдэлтэй цахилгаан эрчим хүч, дулааны үнийн өсөлтийн оронд ард түмэндээ мөнгөн тусламж үзүүлэх эдийн засгийн төлөвлөгөө танилцуулж байв. Түүний энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө шаардлагатай болж, төсвөөс хальсан ч Лиз Трасс болон сангийн сайд Квази Квартенг нар энэ их мөнгийг хаанаас олохоо зарлаагүй юм. 

 

Энэ нь эдийн засагт цочирдол үүсгэж, төсвийн цоорхой үүссэн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг үргээж эхлэв. Ингээд Трасс болон Квартенг нарын төлөвлөгөө Британийг хөгжүүлэх биш харин сүйрэл рүү түлхэж эхэлсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Populistuudyn zamnal
2022-10-21
Ккк:
Ая дангийн нь даахгүй байж даан ч их бүлтрээд байсан юмаа энэ авгай..
2022-10-21