Британийн хамгийн залуу, Ази гаралтай анхны Ерөнхий сайд Риши Сунак
2022-10-25

Энэ онд Консерватив намын даргын суудлын төлөөх эхний өрсөлдөөнд ялагдсанаасаа хойш долоон долоо хоногийн дараа Риши Сунак хоёр дахь өрсөлдөөнд ялалт байгуулав. Борис Жонсоны араас Ерөнхий сайд болсон Лиз Трасс огцорсны дараа тэрбээр хоёр дахь удаагаа намын даргын төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Улмаар дотоод сонгуульд орох өрсөлдөгч нь нэрээ татсанаар тэрбээр цорын ганц оролцогч болж, ингээд эцсийн дүнд өрсөлдөгчгүй ялагч болов.

 

Ингээд өдгөө 42 настай Риши Сунак тус улсын хамгийн залуу мөн Ази гаралтай анхны Ерөнхий сайд болж байна.

 

Тэрбээр, өмнө нь, Борис Жонсон огцорсны дараа Лиз Трассын хамтаар намын даргын суудалд өрсөлдөх үеэрээ их Британийн эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөө танилцуулан, эдийн засагт гол анхаарлаа хандуулж байлаа.

 

Тухайн үед тэрбээр "хуурамч амлалт өгч ялсны оронд ялагдсан нь дээр" гэж ВВС агентлагт ярьж байв. Энэ нь Лиз Трассын амлалтыг цаагуураа хэлсэн явдал байсан юм. 

 

Наймдугаар сард өндөрлөсөн энэ өрсөлдөөнд Трасс ялалт байгуулж, Ерөнхий сайд болсон. Тэрбээр төсвөөс хальсан хөрөнгө шаардагдахуйц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болж, хаанаас хэрхэн хөрөнгө босгох нь тодорхойгүй байсан тул зах зээл савлаж, улсын эдийн засгийг аврах биш мөхөөх чиглэл рүү түлхсэн тул ердөө сарын дараа суудлаасаа огцорохоор болсон юм. 

 

Сунак 2020 оны хоёрдугаар сард Сангийн сайд болж, улмаар цар тахлын нөхцөлд, үргэлжилсэн олон хөл хорионы нөхцөлд Их Британийн эдийн засгийг удирдах шаардлагатай болж байв. Эхний хөл хорионы үед дөнгөж 40 нас хүрсэн түүнийг ард иргэд найдвартай хүн гэж хүлээн авч байлаа. 2020 оны хавар тэрбээр цар тахлыг даван туулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ хэмээн амлаж, иргэд, бизнесд дэмжлэг үзүүлэх зорилгоор 350 тэрбум фунт зарцуулна гэж мэдэгдсэнээр түүний рейтинг эрс өссөн юм. 

 

Гэвч Их Британийн эдийн засаг төдийлөн сайжирсангүй, харин зарим шүүмжлэгч саятан Сунак британичуудын бодит амьдралыг ойлгохгүй байна гэж шүүмжилж байлаа. Тухайн үед Сунак болон түүний гэр бүлийн хөрөнгө олны анхааралд орсон байсан бөгөөд Энэтхэгийн компанид ихээхэн хувь эзэмшдэг эхнэр Акшата Мурти нь Британид татвар төлдөггүй гэж хэвлэлээр шуугиж байв.

 

Риши Сунак

Риши Сунак өдгөө 42 настай. Тэрбээр Их Британийг удирдах болсноор 1812 оноос хойших энэ улсын хамгийн залуу Ерөнхий сайд болж байна. Түүнчлэн тэрбээр энэтхэг гаралтай анхны ерөнхий сайд, Британийн парламент дахь индуизм шүтлэгтэй анхны хүн болж байгаа юм.

 

Сунак эмч, эмзүйчийн гэр бүлд төрсөн, Оксфордод боловсрол эзэмшин, санхүү, хөрөнгийн удирдлагын салбарт ажиллаж байжээ. Түүнийг олон нийтийн танхимын хамгийн чинээлэг гишүүн гэх бөгөөд Сунакийн хөрөнгө 773 сая фунт стерлингээр үнэлэгддэг аж.

 

Мөн тэрбээр Британийн сайд нарын танхимыг тэргүүлж буй хамгийн анхны өнгөт арьст хүнд тооцогдож байгаа юм. Түүний өвөг дээдэс Кени улсаас гаралтай аж. Сунакийн эхнэр Акшата Мурти нь Энэтхэгийн тэрбумтан Нараяна Муртигийн охин. Эхнэрийнх нь хөрөнгө 600-900 сая доллараар үнэлэгддэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэнэг. энэтхэгүүд одоо англиас өшөөгөө ав сайн нураагаад өг
2022-10-25