Zara, Bershka Орост шинэ нэрээр үйл ажиллагаагаа сэргээнэ

Дэлхийд хувцас худалдаагаар томоохонд тооцогддог Испанийн Inditex компани Орос дахь үйл ажиллагаагаа сэргээхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Forbes сэтгүүл дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Inditex компанийн Zara, Pull&Bear, Bershka, Stradivarius гэсэн дөрвөн брэндийг өөр нэрээр Оросын зах зээлд эргүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор шинэ нэрийг сонгоогүй байгаа гэнэ. Харин Massimo Dutti, Oysho болон Zara Home гэсэн брэндүүд Оросын зах зээлээс бүрэн гарах юм байна. Forbes сэтгүүлийн мэдээлснээр, шинэ дэлгүүрүүд 2023 оны хавар нээгдэх бол Оросын РИА Новости агентлаг "нэгдүгээр сард нээгдэж магадгүй" гэж мэдээлжээ.
Энд дуулгахад, Inditex компани дайн эхэлсний дараа Орос дахь бүх дэлгүүрээ хаасан юм. Үүнээс өмнө ОХУ даяар Испанийн энэ компанийн 500 гаруй дэлгүүр ажиллаж, Inditex компанийн нийт борлуулалтын орлогын 8,5 хувийг олдог байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ