Германы компаниуд эрчим хүчний хямралын улмаас ажлын байраа цомхотгож байна

Хий болон цахилгаан эрчим хүчний зардал өндөр болсон нь үйлдвэрлэл, бизнесийн салбарт хүнд дарамт болж, олон компани эцсийн аргаа хэрэглэх болсон гэж Германы Handelsblatt сонин бичжээ.
Германы Мюнхений их сургуулиас явуулсан судалгаанд 1060 компани оролцсон бөгөөд компаниуд хөрөнгө оруулалтаа багасгаж, эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас бизнесийн чиглэлээ өөрчилж байгаа гэсэн дүгнэлт энэ судалгаанаас гарсан байна.
Судалгаанд оролцсон компаниудын 25 хувь нь хямралт нөхцөл байдалд ажлын байраа цомхотгож байгаа хэмээн хариулжээ. Харин жилийн өмнө, цар тахлын нөхцөлд энэ үзүүлэлт 14 хувьтай байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Мөн судалгаанд оролцсон компаниудын 17 хувь нь эрчим хүч ихээр шаарддаг үйл ажиллагаанаас бүрэн татгалзана хэмээн хариулжээ.
Ойрын саруудад цахилгаан эрчим хүчний үнэ дахин нэмэгдэх нь тодорхой тул бизнес эрхлэгчид үүнд эртнээс бэлдэж эхэлсэн гэнэ. Судалгаанд оролцсон компаниудын 57 хувь нь ээлжит үнийн өсөлтөд бэлдэж, төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа хойшлуулахаар зэхэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ