Путин хэлэлцээрт бэлэн гэдгээ дамжуулж, Зеленский хариу болзол тавив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ эхлэж байлаа. Улмаар талууд гуравдугаар сарын дунд үе хүртэл шат дараатай хэлцэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөн дайн эхлээд удаагүй байхад Зеленский гагцхүү Путинтэй шууд хэлэлцээ хийсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөн дуусах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэ хугацаанд Путин, Зеленский нар уулзах боломжтой гэсэн мэдээлэл гарч байсан ч аль аль тал болзол тавин, өнөөг хүртэл хоёр орны тэргүүн хэлэлцээрийн ширээний ард суугаагүй л байна.
Энэ удаад Путин хэлэлцээрт бэлэн байгаа гэнэ. Тодруулбал, мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байсан Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбало Оросын Ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн байгаа хэмээн мэдэгджээ. Тэрбээр Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ ийнхүү мэдэгдсэн дүрс бичлэгийг Украины Ерөнхийлөгчийн захиргаа нийтэлсэн байна.
"Би өчигдөр Орост байхдаа Ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Тэрбээр тантай ярилцах саналтай байгааг дамжуулж өгөхийг надаас хүссэн юм. <…> Ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэж тэр хэлсэн" хэмээн Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Путиний саналын талаар тайлбар өгөхдөө Зеленский Орос улс Украинд хэдийнэ Ираны 400 дрон ашигласан гэдгийг онцолсон байна.
"Ноён Ерөнхийлөгчийн яриад байгаа яриа хэлэлцээ нь энэ. Үг хэлээр ойлголцохын оронд 400 пуужин хаяж байна. Оросуудын хэлэлцээ гэж ийм л байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн хэлэлцээг сэргээхээс өмнө Украины дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, Хар тэнгис дэх Украины боомтуудыг нээх, цөмийн зэвсэглэлээр сүрдүүлэхээ зогсоохыг Орост хандан уриалсан байна. Мөн Оросын талаас өгсөн энэхүү дохиог "Орос улс гүүр тавих хүсэлтэй байна" хэмээн Зеленский тайлбарлажээ.
"Аливаа орнуудын хооронд гүүр байхын тулд эхлээд дэд бүтцийг нь дэлбэлэхгүй байх ёстой. Ингэсэн цагт цаашдаа ямар нэг зүйлийн талаар ярьж болох юм. Хэнтэй ярилцах вэ гэдэг нь өөр асуудал. <…> Харилцаагаа сэргээе гэсэн Оросын санал бол хоёрдугаар асуудал. Эхлээд Хар тэнгисийг нээхээс эхэлцгээе. Гуравдугаарт, хүн бүр цөмийн аюул заналаас айж байна. Цөмийн аюул заналын талаарх яриа гагцхүү ОХУ-аас л гарч байгаа" хэмээн Зеленский мэдэгджээ.
Путин хэлэлцээ хийх санал гаргасан нь Оросын олон нийт болон ОХУ-тай харилцаагаа таслаагүй орнуудын ард түмэнд л чиглэгдсэн "ээлжит, төлөвлөгөөт ам мэх" гэж Зеленский үзэж байгаа аж.
"Ямар нэг яриа хэлэлцээрийн талаар зарчмын хувьд ярих гэж байгаа бол нэг орон нь нөгөөгөө, түүний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, улсын хилийг хүндлэх ёстой. Одоогоор ийм зүйл огт алга" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Эргэн сануулахад, ОХУ Украины нутаг руу түрэмгийлсний дараахан хоёр орон энхийн хэлэлцээг эхлүүлсэн. Ээлжит хэлэлцээ Туркийн зуучлалтайгаар Турк улсад болсон ч дөрөвдүгээр сараас эхлэн энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Үүний дараа Украины эрх баригчид Оростой хэлэлцээгээ сэргээхээс татгалзаж, гагцхүү өнөөгийн дайнд ялах нь хэдэн жилийн дараа дахин түрэмгийлэлд өртөхөөс хамгаалж чадна гэж мэдэгдэж байлаа.
Ингээд есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр Орос улс Украины өмнөд болон дорнод хэсэг дэх хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрүүдэд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн, "гэхдээ өнөөгийн биш, өөр ерөнхийлөгчтэй хэлэлцэнэ" гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү мэдэгдсэнээсээ хэд хоногийн дараа тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх болможгүй" тухай зарлигт гарын үсэг зурж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ