Монголд ч байдаг гэх Хятадын нууц цагдаагийн газрыг Нидерландын эрх баригчид илрүүлжээ
2022-10-27

Хэд хоногийн өмнө гадаадын хэвлэлүүдээр хүний эрхийн байгууллагын нэгэн ноцтой мэдээлэл нийтлэгдэж, олны анхаарлыг татаж байлаа. Энэ нь дэлхийн олон оронд Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл юм. Мэдээллийн араас Нидерландын эрх баригчид шалгаж, тус улсад үнэхээр ийм хэлтэс ажиллаж байгааг олж тогтоосон байна. 

 

Хүний эрхийн байгууллагын тайланд ямар мэдээлэл тусгав? 

АНУ-ын Нью-Йорк зэрэг гадаадын олон хотод Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг талаар Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд өгүүлжээ. Хүний эрхийн байгууллагаас гаргасан энэ тайлангаас иш татсан мэдээллийг Intergazeta, Newsweek олон улсын агентлагууд дамжуулсан байна. 

 

Энэ тайланд өгүүлснээр, хилийн чанадад Хятадын 54 цагдаагийн хэлтэс ажилладгаас 36 нь Европт байрладаг гэнэ. Эдгээр хэлтсүүд нь цагаачдыг нутагт нь буцаах, тэрс үзэлтнүүдийг шүүхэд шилжүүлэх зорилготой аж. Ийм нууц хэлтэсүүд нь Хятад зоогийн газар, үл хөдлөх хөрөнгийн зууч болон бусад хууль ёсны компаниудаар халхавч болгодог гэнэ. 

 

Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр, хэдийгээр цагдаагийнхан жуулчдад бичиг баримтад нь тусалдаг хэмээн мэдэгддэг ч үнэн хэрэгтээ Хятадаас дүрвэсэн хүмүүсийг ар гэрийнхнээр нь дамжуулан ятгаж, тулган шаардаж өөрсдөөр нь буцах хүсэлт гаргуулах ажлыг зохион байгуулдаг гэнэ.

 

Дэлхийн олон оронд, тэр дундаа АНУ-д ийм нууц цагдаагийн хэлтэс Нью-Йорк хотноо байдаг бол Канадын Торонтод гурав байдаг гэнэ. Хятадын гадаадын цагдаагийн хэлтсийн ихэнх нь Европт байх бөгөөд Испанид гэхэд л есөн ийм хэлтэс үйл ажиллагаа явуулдаг аж. Италид нууц цагдаагийн хэлтэс дөрөв, Францад гурав, Португалид гурав, Британид хоёр гэх зэргээр олон оронд хятад цагдаа нууцаар ажиллагаа явуулдаг гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

 

Африкийн хоёр оронд байдаг энэ хэлтэс Азид Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Нидерланд мэдээллийг шалгахаар болсон нь

 

Хятадын нууц цагдаагийн хэлтсүүдээс хоёр ч  хэлтэс Нидерландад ажилладаг гэж тайланд тусгагдсан талаарх мэдээлэл гарсны дараа Нидерландын эрх баригчид энэ мэдээллийг шалгаж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Максим Говенкамп 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм.

 

"Цагдаагийн хэлтэс гэгдэх байгууллагууд ажиллаж байгаа эсэхийг Гадаад хэргийн яам шалгаж байгаа. Энэ асуудал тодорхой болмогц бид зохих арга хэмжээг авна" хэмээн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг AFP агентлаг дамжуулж байв.

 

Түүнчлэн, Нидерландын эрх баригчид Хятадын ийм байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй, нууцаар байгуулсан нь хууль бус гэж Максим Говенкамп онцолсон байна.

 

"Хятадын иргэн энд, Нидерландын нутаг дээр мөшгүүлж байна гэдэг маш түгшүүртэй хэрэг. Хятадын иргэнд хэрхэн туслах талаар манай хууль сахиулагчид хэлэлцэж байгаа" хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан юм.

 

Нидерландад нууц цагдаагийн хэлтэс ажилладаг нь тогтоогдов

 

Ийнхүү шалгаж эхэлсний дүнд Нидерландын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүйгээр байгуулсан "Хятадын цагдаагийн хоёр хэлтэс" байгаа гэж урьдчилсан байдлаар тогтоосон талаар тус улсын  Dutch News  агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын оронд суурьшсан, ажил хийхээр ирсэн хятад хүмүүст дэмжлэг үзүүлэх, харьяалалтай орных нь бичиг баримтыг сунгах зэрэг зорилготой офисууд Нидерландад үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэвч эдгээр офис нь Хятадын цагдаагийн удирдлаган дор байдаг, "хууль бус зорилгоор үйл ажиллагаа явуулдаг" гэж Нидерландын эрх баригчид үзэж байгаа аж. 2018 онд байгуулсан эдгээр газруудыг тэрс үзэлтнүүдийг мөрдөн мөшгөх, Хятадын дэглэмийг шүүмжилдэг хятад иргэдэд дарамт үзүүлэх зорилгоор ашигласан байж болзошгүй гэж Нидерландын Гадаад хэргийн яамны илтгэлд өгүүлжээ.

 

Нидерландын Гадаад хэргийн яам эдгээр офис хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан хэмээн мэдэгдсэн байна. "Энэ газрууд чухам юу хийдгийг бид судалж, зохих арга хэмжээг авна" хэмээн Гадаад хэргийн яам мэдэгдээд, жолооны үнэмлэх, бусад бичиг баримт зэрэг асуудлыг Венийн конвенцийн дагуу консулын газар шийдэх ёстой гэж онцолжээ. Нидерландад илэрсэн нууц цагдаагийн хэлтсүүд нь Роттердам болон Амстердамд байрладаг гэнэ. Нэг хэлтсийг Хятадад цагдаа байсан хүн, нөгөөг нь Хятадын зэвсэгт хүчнээс халагдсан хүн удирддаг аж.

 

Нидерландын хэвлэлүүд тус улсад суугаа Хятадын Элчин сайдын яамнаас тайлбар хүсэхэд "нууц цагдаагийн хэлтэс ажилладаг тухай огт мэдэхгүй" хэмээн хариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэр сандэй дотор гадаадын цагдаагын агуулах байдаг
2022-10-29
Зүүн дөрвөн замын сандэй плазад гадаадын цагдаагын газар байдаг. Хачирхалтай нь тэр сандэй дотор вэйтүб дээр тавьсан аймшигт бичлэг байсан
2022-10-29
Юм юм нь аль хэдийн гүн нэвтэрсэн байх.
2022-10-29