Францад цахилгаан эрчим хүчний үнэ 15 хувиар нэмэгдэнэ
2022-10-27

2023 оны эхээр Францад цахилгаан эрчим хүчний үнэ 15 хувиар нэмэгдэхээр болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон  France-2 телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

 

"Бид хямралыг туулж байна. Европт үүссэн сөргөлдөөн эрчим хүчний салбарт олон сөрөг үр дагавар дагуулж, үнэ өсөх шалтгаан болсон" хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ.

 

Макроны өгүүлснээр, эрх баригчид тусламж шаардлагатай хүн ам, тэр дундаа хүнсний үнийн өсөлтийн улмаас хүндхэн нөхцөлд орсон оюутнуудад туслах гэнэ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр төлөвлөж байгаагаа Макрон мэдэгджээ.

 

"Айл өрхөд тусламж үзүүлснээр эрчим хүчний үнэ 100 хувь биш 15 хувь нэмэгдэхээр болж байгаа юм. Зах зээлийн нөхцөлөөр бол 100 хувь нэмэгдэх байлаа" хэмээн Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. Түүнчлэн, хямралын улмаас Франц улс инфляцитай нүүр тулж, үүнтэй холбоотойгоор тус улсын орлого 85 тэрбум еврогоор буурсан хэмээсэн байна.

 

Энд дуулгахад Европт нүүрлэсэн цахилгаан эрчим хүчний хямралын улмаас Франц улс бусад орнуудын адилаар хэмнэлт хийх болсон юм. Цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс Парис хотод дурсгалт газрууд, музейн гэрэлтүүлгээс  татгалзаж эхэлсэн бол Эйфелийн цамхагийн гэрэлтүүлгийг хамгийн сүүлийн үйлчлүүлэгч гарснаас хойш 23:45 цагт унтраадаг болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин