Энэтхэг ОХУ-д хандан цөмийн зэвсэг ашиглахгүй байхыг уриалжээ
2022-10-27

ОХУ Украинтай хийж буй дайнд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол Оросын эрх баригчдын мэдэгдлээс үүдэн газар авч байгаа юм. Түүнчлэн ОХУ цөмийн хүчний сургуулилалтаа эхлүүлсэн нь ихээхэн анхаарал татаж байна. 

 

Дэлхийн олон орон Орост хандан цөмийн зэвсэг ашиглахгүй байхыг уриалж байсан бол энэ удаад Энэтхэг улс ийнхүү уриалжээ. Тодруулбал, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярих үеэрээ Украины эсрэг дайнд "цөмийн хувилбарыг сонгохгүй байх"-ыг уриалсан байна. 

 

"Цөмийн эсвэл цацрагийн зэвсэг ашиглах нь хүн төрөлхтний үндсэн зарчимтай зөрчилдөнө" хэмээн Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярьсныхаа дараа Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Сингхийн өгүүлснээр, "бохир бөмбөг" ашиглан өдөөн хатгалга гарч болзошгүй гэсэн болгоомлол байгаа талаар Шойгу түүнд ярьсан гэнэ.

 

"Сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дипломат арга, яриа хэлэлцээрийн замаар явах ёстой гэсэн Энэтхэгийн байр суурийг би нотолсон" хэмээн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин