Киевийн сая гаруй оршин суугч цахилгаан эрчим хүчгүй болжээ

Сүүлийн үед Оросын арми Украины эрчим хүчний объектуудад өгөх цохилтоо эрчимжүүлсний улмаас Украин даяар цахилгаан эрчим хүчний хомстол нүүрлэж, оршин суугчдыг цахилгаанаа хэмнэхийг уриалсны дээр тодорхой цагийн хуваарийн дагуу эрчим хүчийг хязгаарлах болсон юм. Энэ байдал даамжирч Киев хотод сая орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ.
"Одоогоор 159 мянган айл, энэ өдөр нийт 320 мянган айл өрх цахилгаан эрчим хүчгүй байна. Өөрөөр хэлбэл Киевийн сая орчим хүн өдрийг хэвийн өнгөрүүлж, хэвийг ажиллах боломжгүй, мянга мянган аж ахуйн нэгж манай эдийн засгийн төлөө ажиллах боломжоо алдаж байна гэсэн үг" хэмээн Украины эрчим хүч нийлүүлэгч "Yasno " компанийн тэргүүн Сергей Коваленко Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Коваленкогийн өгүүлснээр, Киев мужид байдал улам дордож байгаа бөгөөд пүрэв гарагийн үдшийн байдлаар 260 мянган хэрэглэгч, бүтэн өдрийн туршид 500 мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй өнжсөн байна.
Пүрэв гарагийн шөнө Украины чухал эрчим хүчний объект Оросын цохилтод өртсөн нь Украины төв хэсэгт эрчим хүч хомстох шалтгаан болсон талаар Зеленскийн захиргааны орлогч Кирилл Тимошенко мэдэгдэж байв. Оросын цохилтод өртөж объект гэмтсэний улмаас Киев хот, Киев, Житомир, Черкасс, Чернигов мужуудад цахилгаан эрчим хүчийг салгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ