ВИДЕО: Энэтхэгт гүүр нурж, 90 хүн амиа алджээ
2022-10-31

Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид гүүр нурсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаар орон нутгийн эрх баригчид мэдээлснийг The India Times сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ гүүр удаан хугацаанд засвартай байсан бөгөөд дахин нээгдээд хэдхэн хоногийн дараа энэ харамсалтай хэрэг болжээ. Морби хотын Мачха гол дээр байх энэ гүүрэн дээр осол болох үед олон зуун хүн байсан гэнэ. Дивали болон Чхат Пужа баярыг тэмдэглэдэг өдрүүдэд энэ гүүрийг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг аж. Осол болох үед гүүрэн дээр 150 хүн байсан гэж Энэтхэгийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн бол хэвлэлүүд 300-500 хүн байсан гэж мэдээлжээ. 

 

Морби хотод байх энэхүү дүүжин гүүр нь хүмүүс аялах дуртай гол газруудын нэг байсан бөгөөд 230 метр урттай гүүрийг XIX зуунд, Энэтхэг Британийн колонид байх үед барьсан аж. Дүүжин гүүр хагас жилийн хугацаанд засвартай байсан, дахин нээгдээд хэдхэн хонож байх үеэр ийнхүү баярын өдрүүд тохиож, хүмүүс олноор цугласан үед гүүр нурж, 90 хүн амиа алдсан байна. 

 

Хэрэг болох үеэр Гужарат мужид ажлын айлчлал хийж байсан Энэтхэгийн Ерөнхий сайд нарендра Моди аврах ажиллагаа явуулахын тулд хүмүүсийг нэн даруй дайчлахыг мужийн ерөнхий сайдад даалгажээ. Түүнчлэн эмгэнэлт хэрэг болсонд ихэд гашуудаж байгаагаа илэрхийлэн, гэмтэж бэртсэн хүмүүс болон амиа алдсан хүмүүст нөхөн төлбөр олгоно хэмээн амалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин