Иранд Амини бүсгүйн үхлийн талаар бичсэн сэтгүүлчдийг төрөөс урвасан хэрэгт буруутгажээ
2022-10-31

Иранд өнгөрсөн сард "хижабаа буруу өмссөн" гэх шалтгаанаар цагдаагийнханд саатуулагдсаныхаа дараахан амиа алдсан Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотойгоор орон даяар эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа юм. Ираны эрх баригчид жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилж, хүнд шийтгэл оноож байгаа бөгөөд энэ удаад хоёр сэтгүүлч эмэгтэйг Аминигийн үхлийг бичсэнийх нь төлөө төрөөс урвасан хэрэгт буруутгажээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, 22 настай Махса Амини бүсгүйн үхлийн талаар хамгийн түрүүнд мэдээлсэн хоёр сэтгүүлч эмэгтэйг  Ираны эрх баригчид төрөөс урвасан, АНУ-ын тусгай албадад ажилладаг хэмээн буруутгасан байна. Ираны хуулиар ийм гэмт хэрэгт цаазын ял оноох ч боломжтой байдаг гэнэ. Сэтгүүлч бүсгүйчүүдийг Нилуфар Хамеди, Элаэ Мохаммади гэх бөгөөд тэд Амини нас барж, олныг хамарсан жагсаал эхэлсний дараахан баривчлагджээ. Улс төрийн хэргээр буруутгагдаж байгаа хүмүүсийг хорьдог Эвин шоронд тэднийг хорьсон байж болзошгүй гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна. 

 

Эдгээр сэтгүүлчдийг Америкийн Тагнуулын төв газрын төлөөлөгчид хэмээн нэрлэсэн хамтарсан мэдэгдлийг Ираны тусгай албад хамтран гаргажээ. Түүнчлэн Иранд сар гаруй үргэлжилсэн эсэргүүцлийн арга хэмжээг Америкийн тагнуулын төв газар, Моссад болон барууны бусад тагнуулын газрууд зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, "хижабаа буруу өмссөн" хэргээр баривчлагдан улмаар амиа алдсан 22 настай Махса Амини бүсгүйн үхлийн дараа иранчууд эсэргүүцлийн жагсаалд нэгдэн, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон даамжирсаар сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм. Жагсаалыг тараахаар галт зэвсэг ашигласны улмаас 200 гаруй хүн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин