Британид ээжүүд жагсжээ
2022-10-31

Өнгөрсөн бямба гарагт Их Британи даяар олон мянган эмэгтэй цуглан, сургуулийн өмнөх боловсролын систем, хүүхэд асаргааг сайжруулахыг шаардан алхсан талаар ITV телевиз мэдээлжээ. 

 

"Ээжүүдийн марш" гэж нэрлэгдсэн энэ эсэргүүцлийн арга хэмжээ Их Британийн 11 хотод нэгэн зэрэг болсон байна. Эсэргүүцэлд нэгдсэн ээжүүд цэцэрлэгийн үйлчилгээ авахад өндөр үнэтэй болсон тул ажлаасаа гарч, хүүхдээ харахаас аргагүй болсон хэмээн мэдэгдэж, энэ салбарт шинэчлэл хийхийг Засгийн газраасаа шаардсан байна. 

 

Жагсаалыг "Жирэмсэн бас хууртсан эмэгтэйчүүд" нэртэй байгууллага зохион байгуулжээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Хэллоуинд зориулсан хувцастай, гартаа самбар, хуудас барьсан байсан гэнэ. Тэдний барьсан самбар дээр жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй эхчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан үгс байсан аж. Лондон хотод болсон жагсаалын үеэр жагсагчид Трафальгарын талбайд цуглан Вестминтерийн ордон руу алхаж очжээ.

 

Энэ жагсаалын хариуд Боловсролын яам мэдэгдэл хийхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд хүүхдээ асрахад нь зориулсан үйлчилгээний хүртээмж, үнэ өртгийг хэвийн болгох боломжийг судалж байгаа хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин