Дайчилгаа эхэлснээс хойш армид татагдсан 101 хүн амиа алджээ
2022-11-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр "хэсэгчилсэн дайчилгаа" зарлаж, Орос даяар цэргийн үүрэгтнүүдийг дайчилж эхэлсэн юм. Энэ дайчилгаагаар нийтдээ 300 мянган бэлтгэл цэргийг татна гэж мэдэгдэж, улмаар 10 дугаар сарын 31-ний өдөр дайчилгаа бүрэн дууссан гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байлаа. Хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараагаас л цэрэгт татагдсан эрчүүдийг бүрэн бэлтгэл, сургуулилалтад хамруулахгүйгээр фронт руу илгээж байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байв. Улмаар байлдааны бэлтгэл бүрэн хийгээгүй эрчүүд фронт дээр олноороо амиа алдаж байгаа талаарх мэдээлэл ч гарсаар байна. 

 

"Новая газета. Европа" сонины мэдээлснээр, есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш дайчлагдан, армид татагдсан 101 хүн амиа алджээ. Энэ тоог эрх баригчдын мэдээлэл, хэвлэл болон олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллүүд дээр үндэслэн гаргасан гэнэ. 

 

Сэтгүүлчдийн тооцоолсноор, дайчладсаны дараа амиа алдсан хүмүүсийн 23 нь фронт дээр биш харин цэргийн бэлтгэл хийх явцдаа амиа алдсан гэнэ. "Амиа алдсан шалтгаан нь зодоон, архи, хар тамхи, амиа хорлолт, золгүй явдал байсан" гэж эх сурвалж онцолсон байна.

 

"Новая газета. Европа" сонины бичсэнээр, дайчлагдсан хүмүүс амиа алдсан тохиолдол бодит байдал дээр илүү олон байх магадлал өндөр гэнэ. Сэтгүүлчид амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс авсан мэдээллийг эх сурвалж болгож, улмаар Оросын Батлан хамгаалах яамнаас баталсан тохиолдлуудыг л тооцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин