Хүн төрөлхтөн хэзээ нэгэн өдөр аймшигт өвчинтэй бус, шуугиан гэх тахалтай тэмцэнэ
2022-11-02

Навчны сэрчигнээн, усны харгиа, шувуудын жиргээ, салхины исгэрээн сонсох сон. Бас морьд үүрсэж, царцаа дуугарч, хөхөө донгодохыг анирдахыг хүсэж байна. Гэв гэнэт юу ч сонсохоо больж, сонсголын бэрхшээлтэй гэх тодотголыг насан туршдаа зүүсэн 1.5 тэрбум хүний нэг болж мэдэх тийм л аймшигтай орчинд бид амьдарч байгаа учраас тэр.

 

Бидний мэддэгээр бол бохирдол гэх үгийг Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, орчны бохирдол зэрэг холбооснуудаар л ойлгодог байсан.  Өдөр тутмын амьдралд хамгийн их тохиолддог хэр нь анзаардаггүй дуу чимээний бохирдлын талаар өмнө нь ерөнхий мэдээлэл хүргэж байсан билээ. Энэ удаад дуу чимээний бохирдлыг бууруулах олон улсын туршлагуудаас мэдээлэл бэлтгэлээ. 

 

1.Зориулалтын чимээгүй орон зайг бий болгох /Тусгай зориулалтын цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болсноор хотын оршин суугчдад дуу чимээний бохирдлоос үүссэн стресс, ядаргаагаа тайлахад хамгийн зохимжтой газар болно/

 

Хотын чимээ, шуугиан сонсогддоггүй нам гүм, тусгай зориулалтын цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хотын оршин суугчдад дуу чимээний бохирдлоос үүссэн стресс, ядаргаагаа тайлах хамгийн зохистой газар болдог.

 

Энэ нь хүмүүсийг их хотын дуу чимээнээс залхсан үед түр хугацаагаар хөдөө талд ирсэн мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйн хувьд амрах боломж олгодог. Хүссэн үедээ хотын шуугианаас зугтах боломжтой байх нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад үр дүнтэй байдаг.

 

 

2.Дуу чимээний бохирдлыг олон нийтийн анхааралд оруулах /Хүмүүст анзаардаггүй хэрнээ бидний хүрээлэн буй орчинд асар их хор хөнөөл болж байгаа талаар  мэдлэг мэдээлэл олгоно/

 

Дуу чимээний гол үүсвэр нь хүмүүс бид өөрсдөө учир дуу чимээний бохирдлын үр дагаврын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх кампанит ажлыг олон нийтийн дунд өрнүүлж болно. Жишээ нь хүн бүрийг сайн хөрш байхыг хичээхийг дэлхийн том хотуудад уриалдаг.

 

Германы нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт бактерилогич Роберт Кох одоогоос 100 жилийн өмнө “Хүн төрөлхтөн хэзээ нэгэн өдөр аймшигт холер өвчинтэй бус, шуугиан гэх тахалтай тэмцэнэ” гэж хэлж байжээ.

 

3.Активизм / Дуу чимээний бохирдлын эсрэг хувь хүмүүс илүү идэвхтэй байж, дуу чимээг зохицуулах зохистой бодлого хэрэгжүүлэхийг хотын захиргаа болон холбогдох засаг захиргааны байгууллагаас шаардана / 

 

Дуу чимээний бохирдлын эсрэг хувь хүмүүс илүү идэвхтэй байж, дуу чимээг зохицуулах зохистой бодлого хэрэгжүүлэхийг хотын захиргаа болон холбогдох засаг захиргааны байгууллагаас шаардах, шахалт үзүүлдэг байх нь хотын дуу чимээний бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр болдог.

 

Жишээ нь АНУ-д дуу чимээний бохирдлын асуудлаар ажилладаг байгаль орчин, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, нийгмийн идэвхтнүүдээс бүрдсэн ашгийн бус байгууллага нь дуу чимээний бохирдлыг хянах хууль тогтоомж, засгийн газрын бодлого, түүний хэрэгжүүлэлтийг шаардаж, дуу чимээний бохирдлын асуудлаар дуу хоолойгоо өргөн ажилладаг идэвхтнүүдийн сүлжээг бий болгох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 

4.Superilla /Дэлхийн томоохон хотууд орчны бохирдлыг бууруулахын тулд супер блок хэмээх концептийг танилцуулж байна /

 

Дэлхийн томоохон хотууд орчны бохирдлыг бууруулахын тулд супер блок хэмээх концепцийг хэрэгжүүлж байна. Жишээ нь 2016 онд Испани улсын Барселона хот анхны “Superilla” хэмээх анхны супер блокийг танилцуулсан байна. Энэ нэр томьёо нь хотын нийтийн орон зайн дизайны гол цөмд нь хүмүүс болон олон нийтийг тавих замаар хотын тодорхой нэг хэсгийг (жишээ нь дөрвөн талаасаа замаар хүрээлэгдсэн нэг блок) дахин төлөвлөх санаачилгын нэршил юм.

 

 

Үүнийг хийхийн тулд орон зайг юуны түрүүнд явган зорчигчдод зориулж, дараа нь унадаг дугуй, шаардлагатай тохиолдолд нийтийн тээвэр явах боломжтой байхаар шинэчилжээ. Харин тухайн хэсэгт зорчих авто тоог хязгаарласан байна. Ингэснээр тухайн хэсэгт агаарын болон дуу чимээний бохирдлыг багасгаж, иргэдийн хамтдаа уулзаж, ярилцах, дасгал хөдөлгөөн хийх нээлттэй ногоон байгууламж бүхий орчныг бий болгожээ.

 

Орчны бохирдол буюу чимээ шуугианы асуудалд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хянах үүрэг бүхий байгууллагууд анхаарч, иргэдэд таатай амьдрах орчин, нөхцөл бүрдүүлэхэд төр, засгаас анхаарах ёстой. Гэтэл манай оронд энэ асуудалд дорвитой анхаарч ажилласан тохиолдол ер алга. 

 

5.Мод тарих /Мод тарих нь зөвхөн дуу чимээнээс хамгаалаад зогсохгүй байгаль экологийн асуудалд нэгт тооцогдох хэмжээний чухал зүйл юм /

 

Томоохон хотууд дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд мод тарьж байна. Мод нь орон сууцны хороолол, хотын дуу чимээний бохирдол ихтэй хэсгүүд, тэр ч байтугай томоохон хурдны замуудын эргэн тойронд үүсэх дуу чимээний түвшнийг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Мөн мод нь агаарын тоосжилтыг бууруулж, агаарын чанарыг сайжруулахаас гадна хотын гоо зүйн хувьд ч чухал ач холбогдолтой юм.

 

Нийтийн тээврийг иргэд ээлтэй сонгох  /Хотын дуу чимээний бохирдлыг бүхэлд нь автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг /

 

 

Хотын дуу чимээний бохирдлыг бүхэлд нь бууруулах хамгийн гол арга зам нь авто машины тоог цөөрүүлэх явдал юм. Хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах боломжгүй учир автомашиныг зохистой тээврийн хэрэгслээр солих шаардлагатай болдог.

 

Ази тивийн хамгийн их дуу чимээний бохирдолтой хотуудад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн баруун бүсийн Байгаль орчинд ээлтэй, эрүүл хотын тээвэр (ESHUT) төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү санаачилга нь нийтийн тээврийг хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй, ашиг тустай болгох үндсэн зорилготой гэнэ. 

 

ESHUT төслийн хүрээнд унадаг дугуйнд ээлтэй хот, явган хүнд ээлтэй хот, BRT, LRT гэх мэт үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн эргэлтийн үр нөлөөг сайжруулах менежментийг дэмжих, эрүүл ахуйн шаардлага хангасан зам, нийтийн тээвэрт ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийг чимээ шуугиан гаргадаггүй цахилгаан хөдөлгүүртэй болгох зэрэг ажлуудыг хийж байна.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Малчин:
Яг үнэн шүү, хүн төрөлхтөн хөгжиж байна гэж хөөрцөглөөд байдаг нь уг чанартай өөрсдийгөө сөнөөх,зүгээр л нэг робот болгож байгаа юм. Орчин үеийн амьд биет биологийн махбодь байхаа больж байна даа
2022-11-02