Үймээн дэгдсэний дараа Путин цэргүүдэд тэтгэмж өгөхөөр болов
2022-11-04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, нийт 300 мянга орчим хүнийг дайчилснаар энэ ажил 10 дугаар сарын сүүлээр дууссан талаар Оросын эрх баригчид мэдэгдэж байлаа. Дайчилгааг анх зарлахдаа хувцас хэрэглэл зэрэг хангамжийг улсаас олгоно, бэлтгэл хийсний дараа байлдааны бүс рүү явуулна гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр "ам, ажил зөрж" байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд дамжуулсаар байгаа юм.

Владимир Путин дайчлагдсан эрчүүдэд нэг удаагийн тэтгэмж өгөх зарлиг гаргав 

ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгааны үеэр дайчлагдсан эрчүүд цэргийн хангамж, ахуйн нөхцөлийг шүүмжилж, гомдол гаргах тохиолдол улам нэмэгдсээр байгаа талаар Оросын хараат бус хэвлэлүүд болон хүний эрхийн байгууллагууд мэдээлсээр байгаа юм. 

 

Тухайлбал, лхагва гарагт Ульяновск дахь цэргийн сургалтын төв дээр 100 гаруй засгаас амласан мөнгийг нэхэж, эрх баригчид болон командлагчдад хандан шаардлага тавьж, үймээн дэгдээсэн талаарх мэдээлэл гарч байв. Сургалтын төвийн удирдлагууд дайчлагдсан эрчүүдийн шаардсан 195 мянган рублийг олгох эрхзүйн акт гараагүй, ийм санал Дум дээр ганц л удаа хэлэлцэгдээд, батлагдаагүй эргүүлэн татагдсан гэж тайлбарласан ч эрчүүд эсэргүүцэж үймээн дэгдээсэн талаар Медуза мэдээлж байлаа. 

 

Пүрэв гарагт гарсан мэдээллээр, эрчүүдийн ийнхүү шаардсан мөнгийг Оросын эрх баригчид өгөхөөр болсон гэнэ. Тодруулбал, дайчлагдсан эрчүүдэд нэг удаад 195 мянган рублийн (shuud.mn: монгол мөнгөөр 8,2 сая төгрөг) тэтгэмж олгох зарлигт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. 

 

Энэ зарлигт өгүүлснээр, цэрэгт татагдан алба хаасан гэрээт цэргүүд болон "цэргийн тусгай ажиллагааны үеэр" нэг жил болон түүнээс дээш хугацаагаар алба хаах гэрээ байгуулсан цэргийн алба хаагчдад ч энэ мөнгийг олгох аж. Гэхдээ Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласан өдөр буюу есдүгээр сарын 21-нээс хойш гэрээ байгуулсан хүмүүс л тэтгэмж авах гэнэ.

 

Өмнө нь Путин дайчлагдсан хүмүүст сар бүр 195 мянган рубль олгоно гэж мэдэгдэж байлаа. Харин энэ удаагийн зарлиг нь сар бүр олгох тэтгэмжтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Дайтахаас татгалзсан эрчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ 

 

Орост дайчилага эхлэхээс өмнө эрүүгийн болон цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулан, цэргийн албанаас оргон зайлах, удирдлагын тушаал биелүүлэхгүй байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон юм. Дайчилгаа зарлагдаж, фронт руу явсан эрчүүд дайтахаас татгалзсан тохиолдол гарсаар байгаа талаар сүүлийн үед хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Хүний эрхийг хамгаалах Gulagu.net төслийн сайт дээр мэдээлснээр, Воронеж мужийн Богучар хотод байх мотобуудлагын хороонд дайчлагдсан 39 эр эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзжээ. Ингээд тэд явганаар Оросын хил хүрч, анги руу нь эргүүлэн хүргэхийг гуйсан ч тэднийг автобусанд суулган, Луганск руу буцаагаад хүргэсэн гэж тэд ярьсан байна. 

 

Өөр нэг тохиолдлын талаар "Сибирь.Реалии" сонин бичжээ. Энэ сонинд гарсан мэдээллээр, Томск мужийн Первомайскийн дүүргээс дайчлагдсан хүмүүс эзоэгдсэн Луганск мужийн ойд хоёр долоо хоногийн хугацаанд нуугдаж байгаа гэнэ. Тэд анги руугаа эргэж очиж чадахгүй, учир нь тэд байлдааны ажиллагаа өрнөж буй бүсээс явсан тул цэргийн албанаас оргон зайлсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдах аж. Энэ талаарх мэдээллийг дайчлагдсан эрчүүдийн нэгнийх нь ээж Елена Солодовникова ярьжээ.

 

Еленагийн өгүүлснээр, хүүг нь есдүгээр сарын 26-ны өдөр дайчилжээ. Ийнхүү дайчилсныхаа дараа Омск дахь цэргийн ангид гурван сар бэлтгэл хийлгүүлнэ гэж удирдлагууд хэлсэн ч бусад эрчүүдийн хамт тэр дор нь Екатеринбург руу илгээсэн байна. Ингээд Екатеринбург хотод очмогц тэдэнд дүрэм хувцас тараан өгч, есдүгээр сарын 29-ний өдөр Ростов мужийн хилийн анги руу хүргэжээ. Үүнээс долоо хоногийн дараа дайчлагдсан эрчүүдийг Луганск муж руу аваачсан гэнэ. 

 

Луганск мужид очсон дайчлагдсан эрчүүд минометийн буудлагад өртөж, ухрахаас аргагүй болжээ. Солодовниковагийн өгүүлснээр, байлдааны талбарт командлагчид байгаагүй, харин эрчүүдийг ахлах хүнээр түрүүч цолтой, мөн л дайчлагдсан эрийг томилсон бөгөөд тэрбээр юу хийхээ ч мэдэхгүй байсан гэнэ. "Тэд явган цэрэг болж байлдсан, ямар ч техник байгаагүй. Автомат буу байсан гэсэн, гэхдээ танкны эсрэг автомат буутай байлдах уу?" хэмээн дайчлагдсан эрийн ээж ярьжээ. Ингээд цэргүүд ой руу ухарсан гэнэ. Хамгийн сүүлд тэд 10 дугаар сарын 17-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ холбогдсон аж. 

 

Цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн Томск мужаас сонгогдсон Төрийн думын гишүүн Татьяна Соломатинад ханджээ. "Дайчлагдсан хүмүүсийг ердийн удирдлагаар хангах", сургалт бэлтгэлд хамруулахыг хүссэн ч "офицерүүд цэргийн албанаас оргон зайлсан хүмүүстэй ажиллахаас татгалзаж байна" гэсэн хариуг Думын гишүүнээс сонссон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос мухараар байлддаг арга яг хэвээрээ ,зэвсэг сумгүй бол нөгөө үхсэнийхээгээ аваад байлд гэдэг цэргийн амь бол татсан тамхитай адил.
2022-11-04