Хятадын Жэнжоуд тогтоосон хөл хорионы улмаас iPhone гар утасны нийлүүлэлт тасалджээ
2022-11-08

Хятадын эрх баригчид "тэг ковид" бодлого баримталж, халдвар илэрсэн бүс нутагт тэр даруйд нь хөл хорио тогтоож байгаагийн улмаас дотоодын төдийгүй БНХАУ дахь үйлдвэрлэлээс хамааралтай гадаад орнуудын бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа тасалдаж байгаа юм. Энэ удаад, Жэнжоу хотод тогтоосон хөл хорионы улмаас iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max гар утаснуудын нийлүүлэлт тасалдаж байгаа аж. 

 

Apple компанийн iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max шинэ гар утаснуудыг үйлдвэрлэж буй цорын ганц газар болох Жэнжоу  дахь Фокскон үйлдвэрийн ажилчдын дунд халдвар илэрч, улмаар орон нутгийн эрх баригчид хөл хорио тогтоосон нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байлаа. Энэ таамаглал батлагдаж, хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь доголдсон талаар Apple компани өөрөө албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

 

Энэ компанийн сайт дээр гарсан хэвлэлийн мэдээн дээр "коронавирустэй холбоотой хязгаарлалтууд нь Хятадын Жэнжоу дахь iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max үндсэн үйлдвэрлэлд нөлөөлж байна" хээмэн онцолжээ. Одоо энэ үйлдвэр дээр үйлдвэрлэлийн бүтээмжийг ихээхэн бууруулсан байгаа гэж компани цохон тэмдэглээд, нийлүүлэгчдийн үйлдвэрүүдэд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт хэмээн Appple компани мэдэгдсэн байна. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max гар утаснуудын эрэлт урьдын адил их байгаа, гэсэн ч нийлүүлэлт буурсан тул хэрэглэгчид захиалсан загвараа авахын тулд багагүй хугацаанд хүлээх шаардлагатай болж байгаа гэнэ. Захиалгаа гар дээрээ авахын тулд 11 дүгээр сарын сүүл эсвэл 12 дугаар сарын эхэн үе хүртэл хүлээх шаардлагатай болно гэж шинжээчид үзэж байна. Apple компанийн гол нийлүүлэгч, Жэнжоу дахь Фокскон үйлдвэр дээр тогтоосон хөл хорио 11 дүгээр сарын есний өдрийг хүртэл үргэлжилнэ, гэхдээ халдвар гарсаар байвал дахин хатуу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин