Байден: Хятад, Америкийн хооронд хүйтэн дайн болохгүй
2022-11-15

Индонезийн Бали арал дээр G20 дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар уулзсан нь олны анхаарлыг татлаа. Энэ нь Байден Ерөнхийлөгч болсноос хойших анхны уулзалт болсон юм. 

 

Жо Байден Бали арал дээр ням гарагт очсон бөгөөд даваа гарагт Ши Жинпиньтэй уулзсан. Тэдний уулзалт гурван цаг үргэлжилжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, хоёр талын уулзалт хоёр цаг үргэлжилнэ гэж төлөвлөж байсан ч нэг цагаар сунасан нь сайны дохио гэж ажиглагчид үзэж байгаа аж. 

 

Тайванийг тойрсон хурцадмал байдал, тэр дундаа энэ оны наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн айлчлалаас үүдэлтэй хурцадмал нөхцөл байдлын улмаас АНУ, Хятад эсвэл Тайванийн зүгээс хийх аливаа буруу алхам цэргийн сөргөлдөөн эсвэл дайн өдөөж болзошгүй гэж олон хүн эмээж байлаа. Харин Ши Жинпинь, Байден нарын уулзалтаар талууд эвлэрэх хандлагатай байсан гэж уулзалт сурвалжилсан дэлхийн хэвлэлүүдийн сэтгүүлчид мэдээлжээ. 

 

Хятад, Америкийн харилцаа санаа зовнихуйц байгаа гэдгийг Ши Жинпинь хүлээн зөвшөөрөөд "Хятад, Америкийн харилцааны зөв чиглэлийг бид тогтоох ёстой" хэмээн онцолжээ.  Харин АНУ Хятадтай "шийдэмгий өрсөлдсөн" хэвээр байх ч энэ өрсөлдөөн нь сөргөлдөөн болж болохгүй хэмээн Байден мэдэгджээ.

 

Түүнчлэн энэ уулзалтын үеэр Байден "Тайваний эсрэг Хятадын албадсан, түрэмгий үйлдлүүд"-д дургүйцэж байгаагаа илэрхийлсний дээр Орос Украин руу түрэмгийлсэн сэдвийг хөндөж, Хойд Солонгосын өдөөн хатгасан алхмуудад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Ши Жинпинь Байденд хандан улаан шугамыг давахгүй байхыг анхааруулсан гэнэ. Тодруулбал, Тайванийн асуудлыг "АНУ, Хятадын харилцаан дахь, давж болохгүй улаан шугам" хэмээн Ши Жинпинь онцолсон байна. Тайвань арал өөрсдийн удирдлагатай ардчилсан орон хэдий ч Бээжин энэ арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзсэн хэвээр, энэ аралтай Бээжинг давж харьцсан тохиолдолд дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж Хятадын эрх баригчид үздэг. Тиймдээ ч чухамхүү ийм асуудлуудаас болж АНУ-тай харилцах харилцаа нь хурцдаад байгаа юм.

 

Үүний зэрэгцээ БНХАУ Хойд Солонгос цөмийн туршилт хийхээс урьдчилан сэргийлэх ёстой, цөмийн туршилт болвол АНУ Хятадын эсрэг чиглэгдээгүй ч Хойд Солонгост дохио болох "батлан хамгаалахын шинж чанартай тодорхой алхмууд хийнэ" хэмээн Байден мэдэгдсэн байна. 

 

Энэ уулзалтыг нээлттэй, шударга яриа болсон гэж Байден мэдэгдээд Ши Жинпинийг "үргэлж тодорхой, шулуун байсан тэр хэвээрээ байна", гэхдээ зарим асуудлаар буулт хийхэд бэлэн байгаа хэмээн өгүүлжээ. АНУ, Хятадын хооронд хүйтэн дайн дэгдэж болзошгүй эсэх талаар сэтгүүлчид асуухад тэрбээр үгүйсгэсэн хариулт өгчээ.

 

"Шинээр хүйтэн дайн болохгүй гэдэгт би туйлын итгэлтэй байна. Хятадын талаас Тайвань руу түрэмгийлэх зайлшгүй оролдлого хийнэ гэж би бодохгүй байна" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Мөн Тайванийн тал дээр АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй, асуудлыг энхийн замаар шийдэхийг АНУ хүсэж байгаа гэдгийг Ши Жинпиньд ойлгуулсан гэж Байден мэдэгдсэн байна.

 

"Миний ярьсныг тэр (Ши Жинпинь) сайтар ойлгосон гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Байден мэдэгджээ.

 

Уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлдээ хоёр орны төрийн тэргүүн хоёулаа цөмийн зэвсэг ашиглаж болохгүй, түүнчлэн Украинд цөмийн зэвсэг ашиглахаар сүрдүүлэх нь байж болшгүй хэмээн онцолсон байна.

 

Энд дуулгахад, G20-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Индонезийн Бали арал дээр эхэлнэ. Энэ уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр биечлэн болон цахимаар ч оролцохгүй гэдэг нь эцсийн мөчид тодорхой болсон юм. Путин аливаа байдлаар оролцохгүйгээр шийдсэн нь Украинд өдүүлсэн дайнтай нь холбоотойгоор төрийн тэргүүнүүд нүүрэн дээр нь түүнийг шүүмжилж, тусгаарлахаас айсан хэрэг гэж улс төрчид үзэж байгаа аж. Путиний оронд Сергей Лавров Бали дахь уулзалтад оролцохоор очсон. Түүнийг очсоны дараахан буюу даваа гарагийн үдээс хойш барууны хэвлэлүүдээр Лавровын биеийн байдал муудаж, эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлж байсан ч энэ мэдээлэл хуурамч болох нь батлагджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин