Орост ял эдэлж байгаад фронт руу явсан африк оюутан Украинд амиа алджээ
2022-11-15

Орост ял эдэлж байсан Замбийн иргэн Украины дайнд амиа алдсан гэж Замбийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ нь Украины дайнд оролцохоор Орост хөлсний цэргээр татагдсан гадаадын иргэн амиа алдсан анхны тохиолдол болж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Замбийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, 23 настай оюутан Лемехани Натан Ньиренда есдүгээр сарын 22-ны өдөр Украинд дайны талбарт амиа алджээ. Түүний цогцосыг Донын Ростовт авчирсан бөгөөд Замби руу хүргэнэ гэж Замбийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

 

Оюутан залуу чухам ямар хэргээр Орост ял эдэлж байсан талаар Гадаад хэргийн яам мэдээлээгүй, харин 2020 оны дөрөвдүгээр сард 9,5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хэмээжээ. Үүнээс өмнө тэрбээр Москвагийн инженер-физикийн дээд сургуульд цөмийн төхөөрөмж судалдаг байсан гэнэ. 

 

"Энэхүү нэн эмгэнэлтэй хэрэгтэй холбоотойгоор,Москвад хорих ял эдэлж байсан манай улсын иргэн хэрхэн Украинд дайнд татагдаж оролцоод, хэрхэн амиа алдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Оросын засгийн газрыг яаралтай гарган өгөхийг  Замбийн Засгийн газар шаардсан " хэмээн Замбийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Фронтын шугам дээрх хоригдлууд 

Оросын хуулиар гэмт хэрэгтнүүдийг дайчлахыг хориглосон ч хувийн цэргийн компани хоригдлуудыг сайн дурын цэрэгт элсүүлэхээр хорих ангиудаар явж байгаа, фронт дээр хэдийнэ олон хоригдол дайтаж байгаа гэх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд хүний эрхийн байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. Тухайлбал, "Важные истории" цахим хуудсын мэдээлснээр, хоригдлуудыг цэрэгт татах арга барил хэрэгжээд удсан бөгөөд есдүгээр сарын байдлаар Оросын 37 засан хүмүүжүүлэх газраас 5786 хоригдлыг ухуулан, цэрэгт элсүүлснээс 2036  хүнийг байлдааны ажиллагаа өрнөж буй нутаг дэвсгэр рүү хүргэжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Группа Вагнера" хувийн цэргийн компанийн ухуулагчид зарим хорих газарт давтан ирэх болжээ. Петербургийн "Яблоневка" засан хүмүүжүүлэх газраас гэхэд гурван удаа хоригдлуудыг цэрэгт элсүүлэн авч явсан гэж тэнд хоригдож буй иргэний төрөл төрөгсдийн нэг "Важные истории" сонины сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Одоо гэрээ байгуулж, хөлс харамжтайгаар дайнд явах боломжтой, одоо явдаггүй юм гэхэд хожим нь тэднийг ямар ч хөлс мөнгөгүйгээр дайнд илгээх тул одоо л сонголт хий" гэж хоригдлуудыг ятгаж байжээ.

 

"Русь сидящая" хүний эрхийг хамгаалах төслийн тэргүүн Ольга Романовагийн мэдэгдсэнээр, Ленинград мужийн Форносово хорих газраас хоригдлуудыг дор хаяж хоёр удаа зөөсөн гэнэ. Оросын засан хүмүүжүүлэх газруудаас 11 мянга гаруй хоригдлыг цэрэгт ятган элсүүлж, ойролцоогоор 3000 хүнийг дайнд илгээсэн байж болзошгүй гэж Ольга Романова сэтгүүлчдэд мэдээлжээ. 

 

Ийнхүү хөлсөөр цэрэгт явуулах ажил хэдэн сар үргэлжилсний эцэст өнгөрсөн сард ОХУ-д ял эдэлж буй хүмүүсийг фронтод татах хууль батлагдсан юм. Ингэснээр, өмнө нь вагнерчууд анхааруулж байсанчлан "хөлсөөр явахгүй бол хожим нь хөлсгүйгээр дайнд явах"  нөхцөл бүрдэж, хоригдлуудыг дайчлах боломжтой болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Ingehed orost yal edelj bgaa mongol hun terguun shugamd yawah yum bnadaa
2022-11-15
зочин:
Xөөрхий хоригдолуудад сонголт байгаагүй л дээ. - Oдоо л хөлс мөнгө өгч байгаа дээр нь яв. Xожим нь тэртэй тэргүй мөнгө хөлсгүйгээр дайчлах болно шүү - гэж тулгаад байхаар нь..
2022-11-15
Арчаагүй юмаа:
НҮБ оросыг украинд дайны төлбөр төлөх тогтоол гаргасан байна. Манай улс түдгэлзсэн байна.
2022-11-15
Орос орон ялзарчээ. Дэлхийн изгой болсонд гайхах юмгүй
2022-11-15