Оросын пуужингууд Польшийн нутагт унаж, хоёр хүн амиа алджээ
2022-11-16

ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан  талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна.

 

Польшийн нутагт Оросын пуужингууд унасан талаар хамгийн түрүүнд Польшийн Зет радио мээдэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, үр тариа хатаах газрыг пуужин оносноор хоёр хүн амиа алдсан байна.

 

Lublin112 хэвлэлийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 15:35 (Улаанбаатарын цагаар 22:35 цаг) цагт нэг пуужин тракторын чиргүүлийн хажууд унаж дэлбэрчээ. Пшеводувт дэлбэрэлт болсон талаар Польшийн аврах албаныхан албан ёсоор мэдээлсэн ч дэлбэрэлтийн шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин олон нийтийн сүлжээгээр Пшеводув сууринд дэлбэрэлт болсныг дүрсэлсэн гэх бичлэгүүд тархсан байна.

 

НАТО-ийн нутагт халдсан уу? 

Польшийн нутагт хоёр пуужин унасан гэсэн ийм мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа Польшийн Засгийн газар шуурхай хуралджээ. Энэ үйл явдлын улмаас Польшийн хоёр иргэн амиа алдсан гэдгийг Польш албан ёсоор батласан ч хэргийн шалтгаан болон пуужин хаанаас нисэж ирсэн талаар мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

 

Америкийн тал Оросын пуужин Польшид унасныг баталсан гэж Ассошейтед пресс агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр, Польшийн нутаг дээр Оросын пуужин унасан гэдгийг Америкийн тагнуулын газрын өндөр албан тушаалтан батласан гэнэ. Харин үнэхээр Оросын пуужин унасан гэдгийг батлах мэдээлэл одоогоор алга гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн бол Цагаан ордон "мэдээллийг судалж байна" гэсэн хариу өгчээ.

 

Мэдээлэл гарснаас хэсэг хугацааны дараа Чехийн Батлан хамгаалахын сайд Яна Чернохова мэдэгдэл хийн Польшийн нутаг дээр пуужин унасан гэсэн мэдээлэл батлагдсан хэмээн онцолсон бол Латвийн Батлан хамгаалахын сайд Артис Пабрикс "Оросын гэмт дэглэм Украины эсрэг пуужин хөөргөсөн нь НАТО-ийн нутаг, Польшид уналаа" хэмээн мэдэгджээ. Улмаар Латвийн Засгийн газар энэ асуудлаар 11 дүгээр сарын 16-ны өдөр шуурхай хуралдахаар болжээ. Харин Эстони улс Польштой эв санаа нэгтэй байж, "НАТО-ийн нутаг дэвсгэрийн сөөм бүрийг хамгаалахад бэлэн" хэмээн мэдэгджээ. 


 

ОХУ: Зориудын өдөөн хатгалга 

 

Оросын пуужин унасан гэсэн мэдээлэл нь "нөхцөл байдлыг хурцатгах зорилготой зориудын өдөөн хатгалга" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

"Украин, Польшийн хилийн ойролцоох байнд Орос ямар ч пуужингийн цохилт өгөөгүй. Польшийн хэвлэлүүд Пшеводув сууринд болсон хэргийн газраас шууд дамжуулж байгаа дүрс бичлэгүүд дээр байх хэлтэрхийнүүд нь Оросын пуужинтай ямар ч хамааралгүй" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

ЗЕТ радиогийн мэдээлснээр, Украины зэвсэгт хүчин сөнөөсөн Оросын пуужингийн хэлтэрхий Польшид унасан байж болзошгүй гэнэ. Харин Оросын эрх баригчдын талыг баримталдаг Mash хэвлэл "Польшид Украины Зэвсэгт хүчний зэвсэглэлд байдаг С-300 пуужингийн хэлтэрхий унасан" хэмээн мэдээлжээ. Оросын бусад төрийн хэвлэлүүд ч Украины пуужингийн хэлтэрхий унасан гэж мэдээлсэн байна. Улмаар Польшийн Засгийн газар чухам аль талын пуужин унасан гэдгийг шалгаж байгаа хэмээн засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Польшийн Rzeczpospolita сонин мэдээлжээ. 

 

Польш байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлав 

 

Пуужин унасны дараа Польшийн зарим цэргийн анги дээр байлдааны бэлэн байдлын төвшнийг өндөржүүлсэн гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Мөн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээ хийсэн байна. 

 

Мөн "НАТО-ийн гишүүн аль нэг орны үзэж байгаагаар, тохиролцогч талуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байдал болон аюулгүй байдал нь аюул заналтай тулгарвал талууд нэгэнтэйгээ зөвлөлдөнө" гэж заасан НАТО-ийн дүрмийн дөрөвдүгээр заалтыг мөрдөх шаардлагатай эсэхийг Польшийн эрх баригчид хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн, НАТО-ийн холбоотнууд Польшид болсон хэргийн талаар зөвлөлдөж, нөхцөл байдлыг нарийвчлан тогтооно гэж НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн байна.

 

Польшид пуужингийн улмаас дэлбэрэлт болсонтой холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийлээ.

 

"Оросын пуужингууд Польшид цохилт өглөө. Алан хядагч улс ганцхан манай руу дайраад ч зогсохгүй гэж Украин хэдэн ч удаа хэлэв ээ? Алан хядагч Орос улс түрэмгийллийнхээ цар хүрээг тэлэх нь цаг хугацааны л асуудал байсан" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

 

Түүнтэй санал нэг байгаагаа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгдсэн бол Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба барууны орнуудыг орчин үеийн онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах систем өгөхийг уриалаад "Украины тэнгэрийг хамгаалах нь НАТО-г хамгаалж байна гэсэн үг" хэмээжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene ukrainluu neg mur taktikiin tsumiin puujin haravchihaach gazartain tegshileed haymaar yum
2022-11-17
Del:
фашистууд юу ч хийж мэднэ
2022-11-17
Бузрын Украйн фашистууд дэлхийг 3 р дайн руу түлхэх гээд чадсангүй дээ. 8 тэрбум хүний амь насаар дэнчин тавьж Польш руу пуужин харвалаа. Харин нөгөөдүүл нь мал биш болохоор мэдчихлээ.
2022-11-16
Чадах уу??:
Чадлын бол тэгээд НАТО энэ тэр нь Оростой байлдаач дээ
2022-11-16
Шившигт Путлер:
Дайны талбарт дийлэхээ байхаар энгийн иргэд, орон сууц, цахилгаан станц руу дайрч байх шив.
2022-11-16