Украинд амиа алдсан Замбийн оюутны ар гэр ОХУ-аас тайлбар шаардав
2022-11-17

ОХУ-д суралцаж байгаад дараа нь хэрэгт холбогдон, ял эдэлж байсан Замбийн оюутан Украинд амиа алдсан талаарх мэдээлэл гарсан. Түүний ар гэрийнхэн болсон хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Оросын талаас шаардаж байгаа гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Украинд амиа алдсан 23 настай оюутан Лемехани Ньирендаг фронт руу илгээсэн талаар ар гэрийнхэн нь огт мэдээгүй байсан гэж түүний эгч Музангалу Ньиренда ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Лемеханиг фронт руу илгээсэн талаар ар гэрт нь мэдээлээгүй, албадан илгэээгүй гэдгийг батлах баримт байхгүй зэрэг олон зүйл тодорхойгүй байгаа гэж Музангалу ярьсан байна. 

 

Өнгөрсөн даваа гарагт Замбийн Гадаад хэргийн сайд Стэнли Какубо улсынх нь иргэн Орост ял эдэлж байгаад Украинд дайнд амиа алдсан гэж мэдэгдсэн юм. Энэ нь Украин дахь байлдааны ажиллагаанд оролцуулахаар Оросын талаас элсүүлсэн гадаадын иргэн амиа алдсан анхны тохиолдол байсан юм. Замбийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Ньиренда есдүгээр сарын 22-ны өдөр Украинд "байлдааны талбарт" амиа алджээ. Түүний цогцос Донын Ростовт байгаа бөгөөд удахгүй Замби руу илгээх аж.

 

"Бид олон зүйлийг хараахан мэдэж чадаагүй байна. Жишээ нь, Замбийн эрх баригчид түүнийг фронт руу илгээснийг яагаад мэдээгүй байсан бэ? Түүнийг тийшээ илгээсэн хүмүүс бидэнтэй тоомжиргүй хандаж байна, тэд ердөө л түүнийг ашигласан. Түүнийг яаж элсүүлсэн талаар бид мэдмээр байна. Ар гэрийнхэн нь энэ талаар мэдэж байгаа юм алга. Түүнийг айлгасан эсвэл шахаж дарамталсан ч юм билүү" хэмээн Украинд амиа алдсан оюутны эгч ярьжээ.

 

Ньиренда Орост хэрхэн ирэв

 

Лемехани Ньиренда их сургуулийн багш нарын гэр бүлд төржээ. Тэрбээр дөрвөн хүүхдийн хамгийн бага нь байсан гэнэ. Музангалугийн өгүүлснээр, дүү нь 2019 онд улсын тэтгэлэг авч, Замби, Оросын хооронд байгуулсан гэрээний хүрээнд цөмийн объект барих мэргэжил судлахаар Орос руу явжээ. Тэрбээр Москвагийн инженер-физикийн дээд сургуульд сурч байсан аж. Эгчийнх нь өгүүлснээр, Ньиренда хүргэлтийн ажилтан хийж мөнгө олдог байсан гэнэ. Харин 2020 онд тэрбээр дотор нь хар тамхи нуусан илгээмж тээвэрлэж яваад баривчлагджээ.

 

"Хүргэж байгаа илгээмжүүд дотор нь юу байгааг тэр мэдээгүй байсан гэдэгт бид итгэлтэй байна. Энэ талаар юу ч мэдээгүй байсан гэж манай дүү хэлсэн. Илгээмжийг хаанаас  аваад, хаашаа хүргэх талаарх зурвас түүнд ирсэн юм билээ. Гэтэл гэнэт л цагдаа гарч ирэн, түүнд нэгжлэг хийж, илгээмжээс хар тамхи олсон гэсэн. Тухайн үед манай дүү өөрийгөө хүргэлтийн ажилтан хийдэг, илгээмж дотор юу байгааг мэдэхгүй гэж тайлбарласан ч баривчилсан юм билээ" хэмээн Музангалу өгүүлжээ.

 

Ингээд түүнд 9,5 жилийн ял оноосон байна. Ар гэрийнхэн нь түүнийг эсэн мэнд эргэж ирнэ гэж найддаг байжээ. Гэсэн ч сүүлийн үед хоригдлуудыг хөлсний цэргээр элсүүлэх болсон "Вагнера" группийнхэн Лемехани Ньирендаг цэрэгт элсүүлж, дайнд оролцвол эрх чөлөөтэй болно гэж ятгасан байх гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа гэнэ.

 

Сүүлчийн яриа

 

Лемехани Ньиренда шоронд орсон ч Замби дахь ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдох аргаа олдог байсан гэнэ. Хамгийн сүүлд тэрбээр наймдугаар сарын 31-ний өдөр гэр рүүгээ ярьсан аж. Энэ сүүлчийн яриа ар гэрийнхнийг нь ихэд түгшээжээ.

 

"Би шоронгоос өөр газарт байна, гэхдээ би яг одоо хаана байгаа нь нууц" гэж ээж аав хоёрт хэлсэн байна билээ. Энэ үгс нь ээж аав хоёрыг төдийгүй бүгдийг л түгшээсэн. Гэвч тэр хаана байгаагаа огт хэлээгүй, ээж аав хоёр ч хэлүүлэх гэж шахаагүй" хэмээн Лемехани Ньирендагийн эгч ярьсан байна.

 

Энэ хачирхалтай ярианы талаар ар гэрийнхэн нь Замбийн эрх баригчдад мэдээлж, холбогдох байгууллага Лемеханиг хаана байгааг тодруулна хэмээн амлажээ. Гэтэл хэдхэн сарын дараа түүнийг Украинд амиа алдсан талаарх мэдээ ирсэн байна.

 

"Тэр залуухан байсан, тэд түүний амьдралыг хулгайлчихлаа. Түүнд ихэр ах нь байсан шүү дээ, тэд дүүгийн минь нөгөө талыг хулгайлчихлаа. Тэр хичнээн их төлөвлөгөөтэй байсан гэж санана. Төгсөж ирээд ээжийг халамжилна гэж ярьдаг байсан. Дүү минь Замбид шинэ амьдрал бүтээхэд туслахыг хүсдэг байсан. Гэтэл түүнийг биднээс хулгайлчихлаа. Бидэнд хариулт гэж алга, асуултууд л байна. Дүүгээ энд авчирмаар байна, амар амгалан оршуулмаар байна. Бид асуултынхаа хариултыг авмаар байна" хэмээн Лемеханигийн эгч ярьжээ.

 

Замбийн эрх баригчдын мэдээлснээр, амиа алдсан оюутны цогцосыг Донын Ростовт авчирсан, тун удахгүй Замби руу илгээхээр бэлдэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Путин гэдэг амилсан чөтгөр Орос Украйн олон үндэсний гэм зэмгүй хэчнээн хүмүүсийн амь насыг үрж байнаа. Манайд байгаа Оросын дайныг дэмжиж байдаг оркуудыг Оросын цэрэгт элсүүлээд Украйн руу аваад яваач
2022-11-17
Украйнд ч гэсэн олон зуугаараа л байлдаж үхэж байгаа ш дээ...юунд нь гайхаад байгаа юм!!
2022-11-17
Путины тогооч шоронгынхныг шууд дайчлаад фронт руу явуулж байгаа. Хүн олдохгүй гадаадын иргэнийг ч хамруулдаг болж. Зугтсаныг нь шууд лантуудна. Бичлэг үзээ биз дээ
2022-11-17
Украйнд ч гэсэн олон зуугаараа л байлдаж үхэж байгаа ш дээ...юунд нь гайхаад байгаа юм!!