Ц.Даваасүрэн: Үржил шимтэй газар нутгаа гадаадын иргэнд алдаж болох нөхцөл бүрдээд байна
2022-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Богд уулын тусгай хэрэгцээт газар худлаа үнэн хэлж байгаад орон сууц бариад захиалга авчихсан. Иргэд зээл аваад захиалга өгчихсөн. Одоо хүртэл банкны хүүнд хохирч байна. Замбараагүй баригдсан орон сууцнуудыг хэрхэн яаж шийдэх вэ?

 

Барилга хот байгуулалтын дэд сайд Н.Золбоо: Монгол Улсын газар нутгийн 20 орчим хувь нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар зохицуулагдаж байгаа. Удахгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Энэ шинэ хуулиар цаашид жилийн газар олголтыг нэгдсэн байдлаар батална. Энэ төлөвлөлтийн дагуу дараа жил бүх газар олголт явагдана. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ бол ноцтой олон асуудал хөндөгдөж болох хууль. Энэ асуудлыг оруулж ирж байгаа сайд байна уу? Монголын төрд байгаа ганц сайн асуудал нь төрийн мэдэлд газраа байлгаж байгаа асуудал. Гадныхан ч үүнийг сайшаадаг. Бусад оронд бол хувийн мэдэлд байдаг. Түүнийг гадныхан орж ирээд авчихдаг. 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төр нийтийн өмч гэсэн сонин заалт оруулж ирсэн. Иргэний хуульд төр нийтийн өмчийг гадаадын иргэн эзэмшиж, ашиглаж болно гээд оруулчихсан. Узуфрукт гээд гадаад нэрээр газрыг эзэмшиж, ашиглана гээд заачихсан. Иргэний хуулиараа гадаадын иргэнд газар эзэмшүүлэх нээлттэй гэсэн үг. Яваандаа үржил шимтэй газар нутгаа гадаадын иргэнд алдаж болох нөхцөл бүрдээд байна. Иймээс УИХ-ын даргад хандаж хэлэхэд Газрын хуулийг хэлэлцэхэд Иргэний хуулийн гадаадын иргэн төрийн нийтийн эзэмшлийн газрыг ашиглаж болох заалтыг байхгүй болгох чиглэл өгмөөр байна. Газраа алдаад эхлэх юм эх орны тусгаар тогтнол ганхаж эхэлнэ шүү. 

 

БХБЯ-ны Төрийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Узуфрукттэй холбоотой асуудал газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногооны чиглэлээр үйлдвэр үйлчилгээ эрхлээд ашиг олох чиглэлийг тодруулж гаргасан.  Иргэний хуулийн хүрээнд гадаадын иргэн узуфрукт эрхээр газар эзэмшиж ашиглахаар орж ирсэн. Энэ хуулиар хязгаарлагдмал эрхээр газар шилжүүлж ашиглаж байгаа гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид узуфрукттэй зохицуулалт хамаарахгүй байхаар оруулж ирсэн. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин