Катар-2022: Түүхэн дэх хамгийн өндөр зардалтай, дуулиан ихтэй ДАШТ
2022-11-21

Ням гарагт Катар, Эквадорын шигшээ багуудын тоглолтоор 22 дахь удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ДАШТ-ий нээлтийн ёслолын ажиллагаа "Аль Бейт" цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Нээлтийн ёслолын үеэр Холливудын нэрт жүжигчин Морган Фримен Катарын олон нийтийн зүтгэлтэн, паралимпийн тамирчинтай ярилцсан нь олны анхаарлыг татаж байлаа. Мөн энэ тэмцээний нээлтэн дээр Солонгосын супер од Чон Жон Гука дуулсан юм. Тэрбээр BTS хамтлагийн гишүүн бөгөөд Катар-2022-д зориулан тусгайлан бүтээсэн "Мөрөөдөгчид" хэмээх дууг дуулжээ. Түүний энэ дууг Катарын дуучин, Арабын ертөнцийн од Фахад Аль-Кубаиси хамтран дуулсан юм. Энэ удаагийн ДАШТ өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог болж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. 

 

Катар-2022-ын онцлог

ДАШТ-ийг анх удаа Араб, Ойрх Дорнодын улс зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Түүнчлэн энэ тэмцээн анх удаа намрын сүүл сард эхэлж, өвөл дуусна гэдгээрээ онцлогтой болж байна. Ийнхүү намар, өвөл дамнан зохион байгуулагдах болсон нь Катарын цаг ууртай холбоотой. Учир нь зуны саруудад Катарт Цельсийн +45 хэм хүрч халдаг тул задгай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахад тамирчдад төдийгүй хөгжөөн дэмжигчдэд хүндрэлтэй болох юм. 

 

Хичнээн баг оролцох вэ?

 

Шувтаргын шатанд 32 баг оролцох сүүлчийн ДАШТ нь Катар -2022 болох аж. Дараагийн удаад, дөрвөн жилийн дараа АНУ, Мексик, Канадад болох тэмцээнд 48 шигшээ баг оролцох юм байна.

 

Багуудын тоглох цэнгэлдэх хүрээлэнгүүд

 

ДАШТ-ий шувтаргын тоглолт 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 80 мянган үзэгчийн суудалтай Лусаил дахь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох юм. ДАШТ-ий үеэрх нийт тоглолтууд таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд эдгээрийн наймыг нь Катар-2022-д зориулан шинээр бүтээн байгуулжээ. Тэмцээнд зориулсан анхны цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 2013 онд эхэлж, дөрвөн жил үргэлжилсэн байна. Ингээд 2021 он гэхэд бүх цэнгэлдэх хүрээлэн тоглолт зохион байгуулагдахад бэлэн болсон байна.

 

Цэнгэлдэх хүрээлэнгүүд Цельсийн +27 хэмээс дээш халаахгүй байхаар сэрүүцүүлэх төхөөрөмжөөр тоноглогджээ. Тэмцээн дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнгүүдийн тоог цөөлөхөөр төлөвлөсөн байна. Тухайлбал Доха дахь тэнгисийн боомтоос холгүйхэн ДАШТ-д зориулан тусгайлан байгуулсан "974" цэнгэлдэх хүрээлэнг тэмцээний дараа буулгаж, тусламж шаардлагатай орнуудад зориулан илгээх аж.

 

Катар-2022-ын хамгийн залуу, ахмад, үнэтэй тоглогчид

 

Катар-2022-д оролцох хамгийн залуу тоглогч нь "Боруси"-ийн довтлогч, Германы шигшээ багийн довтлогч Юссуфа Мукоко болж байна. Тэрбээр ДАШТ -ий нээлтийн өдөр 18 нас хүрчээ.

 

Хамгийн ахмад тамирчин нь есдүгээр сарын 18-ны өдөр 40 нас хүрсэн, Мексизкийн шигшээгийн голкипер Альфред Талавер болж байгаа бол хамгийн өндөр тоглогч нь Нидерландын шигшээ багийн хаалгач Андрис Нопперт болж байна. Андрис 203 см өндөртэй аж. Харин 164 см өндөртэй, Мароккогийн багийн хагас хамгаалагч Ильяс Шаир энэ удаагийн тэмцээний хамгийн намхан оролцогчид тооцогдож байна.

 

Катарт тоглох хөлбөмбөгчдөөс хамгийн үнэ цэнтэй тоглогч нь Францын шигшээ багийн Килиан Мбаппе болж байгаа юм. Transfermarkt портал Мбаппегийн үнийг 160 сая еврогоор үнэлжээ. 

 

Катар ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн хэмжээний зардал гаргав ?

 

ДАШТ-ийг зохион байгуулагч орон зардлын талаар албан ёсоор зарлаагүй. Гэхдээ урьдчилсан мэдээллээр, Катар дахь ДАШТ энэ тэмцээний түүхэн дэх хамгийн зардал өндөртэйд тооцогдож байгаа юм.

 

Спортын арга хэмжээний санхүүжүүлтийг үнэлдэг Амщрикийн консалтингийн Front Office Sports компанийн мэдээлснээр Катар-2022 зохион байгуулахад 220 тэрбум доллар зарцуулжээ.  ДАШТ-2022 -ыг Зохион байгуулах дээд хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Аль-Тавади ч дээрх үнэлгээг батлах мэдэгдэл хийж байлаа. Доха энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авсны дараа тэрбээр мэдэгдэл хийхдээ зардал 200 тэрбум долларыг давна хэмээн онцолж байв. 

 

Харьцуулвал, үүнээс өмнө Орост зохион байгуулагдсан ДАШТ-2018 хамгийн зардал ихтэй тэмцээнд тооцогдож байлаа. ОХУ энэ тэмцээнийг зохион байгуулахад 13,2 тэрбум доллар зарцуулж байжээ. 

 

ДАШТ-ийн эзэн орноор Катарыг сонгосон нь дуулиан тарьсны учир

 

2010 онд ФИФА Катарыг 2022 оны тэмцээнийг зохион байгуулагч орноор батласны дараа халуун уур амьсгалтай жижиг орныг сонгосон нь авлигатай холбоотой гэсэн шуугиан дэгдэх болсон.

 

Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, Катарын иргэн Мохаммед бин Хаммам Катарыг зохион байгуулагч орноор сонгуулахын тулд ФИФА-ын гүйцэтгэх хороон дахь Африкийн орнуудын төлөөлөгчдийг хахуульдахын тулд таван сая гаруй доллар зарцуулсан гэж The Sunday Times эрэн сурвалжлах нийтлэлдээ өгүүлж байв. Үүнтэй холбоотойгоор ФИФА шалгалтын ажил эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй юм.

 

Катар-2022 нээлтээ хийхээс өмнө ФИФА-ийн Ерөнхийлөгч асан Зепп Блаттер Швейцарын хэвлэлд дуулиан тарьсан ярилцлага өгч байв. Тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркози Катарыг ялахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Зепп Блаттер мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, зохион байгуулагч орныг сонгохын өмнө Саркози эрх бүхий хүмүүст "Катарыг бодолцож үзэх" санал тавьсан, энэ нь мэдээж мөнгөний асуудал байсан гэнэ. Үүнээс хагас жилийн дараа Катар Францаас 14,6 тэрбум доллараар сөнөөгч онгоцууд худалдан авсан гэж Блаттер өгүүлжээ.

 

Түүнчлэн, 2018 онд Францын Медиапарт хэвлэлийн гаргасан эрэн сурвалжлах нийтлэлд, 2011 онд Катарын сан Катарыг зохион байгуулагч орноор сонгоход дэмжсэний хариуд тухайн үед санхүүгийн хүндрэлд ороод байсан "Пари Сен-Жермен" клубийг худалдан авсан хэмээн онцолсон байна.

 

ДАШТ-ий объектуудыг барих ажлын үеэр хичнээн ажилчин амиа алдсан бэ?

 

Катар-2022-ын бүтээн байгуулалтын үеэр олон мянган цагаач ажилчин амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид баталж байна. Эмнести Интернешнл байгууллагын 2021 онд гаргасан тайланд 15 021 ажилчин амиа алдсан гэсэн бол The Guardian сонины эрэн сурвалжлах нийтлэлд 6,5 мянган цагаач ажилчин амиа алдсан гэж онцолжээ.

 

Харин Германы DW агентлагийн баримтыг нягталсан нийтлэлд дээрх хоёр тоог үндэслэл багатай гэж үзсэн байна. Учир нь дээрх тооны хүмүүс ДАШТ-тэй шууд холбоо бүхий бүтээн байгуулалтын ажлын үеэр амиа алдсан гэх баталгаа байхгүй, ДАШТ-д бэлтгэх үеэр Катарт нас барсан нийт гадаад иргэдийн тоог л заасан хэмээн DW агентлагийн сэтгүүлчид онцолжээ.

 

Катарын цагдаагийнхан хөгжөөн дэмжчигдэд "зөөлөн хандана"

 

Катар бол хүн амын дийлэнх нь мусульман, ёс суртахууны хатуу дэг жаягтай орон юм. Катарын эмир саяхан Германы канцлер Олаф Шольцтай уулзах үеэрээ Катарт ирсэн бүх хүмүүс "хүндтэй зочин" байна, гэхдээ "манай соёлыг хүндэлнэ гэж найдаж байгаа" хэмээж байв. 

 

Гэхдээ хууль ёс сахиулах тал дээр хөгжөөн дэмжигчдэд "зөөлөн хандаж" магадгүй талаарх мэдээлэл The Guardian сонинд нийтлэгджээ. Энэ сонины мэдээлснээр, ФИФА тэмцээн зохион байгуулагчидтай хэлэлцэж, тэмцээн зохион байгуулагдах үеэр Европын хөгжөөн дэмжигчдийн хувьд хэвийн, харин Катарын соёлтой зөрчилдөхүйц зан байдлыг орон нутгийн цагдаагийнхан "ойлгон, зөөлөн хандах" талаар тохиролцсон гэнэ.

 

Үүнд мэдээж хууль зөрчих асуудал хамаарахгүй. Харин ЛГБТ төлөөлөгчдөд хандах хандлага, эмэгтэйчүүд биеийн зарим хэсгийг ил гаргасан хувцас өмсөх, хараал хэлэх, чангаар хөгжим тавих, хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр зургийг нь авах зэрэг үйлдлүүдийг "өршөөж" магадгүй гэнэ. Мөн фэн бүсүүдэд согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрчээ. Гэхдээ нэг хүнд дөрвөн аягаас илүүгүй шар айраг зарах бөгөөд шар айраг нь чамгүй үнэтэй, нэг шар айргийг 14 евророгоор худалдаалах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин