Катарын тухай СОНИРХОЛТОЙ баримтууд: Бензин уснаас хямд, хүн амын 90 хувь нь нийслэлдээ амьдардаг

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь тэмцээн болж буй Катар жижигхэн боловч дэлхийн хамгийн баян орон. Энэ улс газрын тос, байгалийн хийн асар их нөөцөөрөө ийнхүү дэлхийн хамгийн чинээлэг орон болжээ.
ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ОРОН
Катар бол дэлхийн хамгийн баян орон. Олон улсын валютын сангийн мэдээллээр, Катар улс нэг хүн амд ноогдох ДНБ-ээрээ олон жилийн туршид бусад орноос хол тасархай тэргүүлж байгаа аж.
Энэ улс газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг. Өөр үнэт ашигт малтмал энэ улсад үгүй, харин нийт нутаг дэвсгэр ийн ихэнх нь халуун, хуурай цөл газар эзлэдэг. Зун нь Цельсийн +50 хэм хүрч халах нь ч бий.
Энд дуулгахад, Катарын нутаг дэвсгэр маш бага, манай улсын Говь-Сүмбэр аймгийн нутгийг хоёр дахин нэмсэнтэй тэнцүү буюу 11,5 мянган кв.км л газар нутагтай аж.
ХУУРАЙ ЗАМААР ГАНЦ Л УЛСТАЙ ХИЛЛЭДЭГ
Катар улс хуурай газраар ердөө Саудын Арабтай хиллэдэг. Харин усан хилээр Бахрейн болон АНЭУ-тай хиллэдэг аж. Катар 3 сая орчим хүнтай бөгөөд хүн амынх нь 90 хувь нийслэл Доха хотдоо аж төрдөг.
Энэ улсын хүн амын ердөө 20 хувь нь Катарын иргэн, 60 хувь нь Арабын бусад орнууд, Пакистан, Энэтхэг, Иран зэрэг орны иргэд аж. Мөн энэ улсад эрчүүд нь эмэгтэйчүүдээс гурав дахин их байдаг гэнэ.
ЦЭВЭР УСНЫ ХОМСТОЛТОЙ ОРОН
Катар хэт хуурай уур амьсгалтай учир ундны цэвэр усны хангамж ихээхэн асуудалтай. Усны хомстол нүүрлэсний улмаас тэнгисийн уснаас ундны ус гарган авах цэвэршүүлэх үйлдвэр байгуулсан юм. Мөн Катарт ундны ус бензинээс үнэтэй байдаг гэнэ.
ХӨДӨӨ АЖ АХУЙГҮЙ ОРОН
Халуун уур амьсгалтай, элсэрхэг хөрстэйн улмаас энд газар тариалан, мал аж ахуй эрхлэх туйлын хүнд. Тиймээс эрх баригчид нь хөдөө аж ахуйг хөгжүүлэхгүй байхаар шийджээ. Катарт ямар ч хүнс үйлдвэрлэдэггүй, бүх хүнсийг бусад орноос импотолдог аж.
КАТАРТ УЛС ТӨРИЙН НАМ БАЙХГҮЙ
Катар түүхэндээ Их Британи, Португали, Османы эзэнт гүрэн, Бахрейн гэсэн орнуудын хяналтад байсан. Харин одоо эмир захирдаг парламентын хагас-үндсэн хуульт хаант засагтай. Энэ улсад улс төрийн намууд гэж үгүй.
КАТАРЫН ОРШИН СУУГЧИД ХОЁР ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Катарын албан ёсны хэл нь араб. Гэхдээ хүн амынх нь ердөө 40 хувь нь араб хүмүүс. Катарын хүн ам бараг бүгдээрээ араб болон англи хэлээр ярьдаг аж.
ХАМГИЙН СПОРТЛОГ ОРОН
Катарыг Арабын орнуудын дундаас хамгийн спортлог орон гэж нэрлэдэг. Энэ улсад спорт ихээхэн хөгжсөн, спортын объектууд ч жилээс жилд нэмэгдсээр байна. Өмнө нь Катарын нийслэл Доха хотод Эмэгтэйчүүдийн теннисийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт болж байлаа.
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРНУУДЫН НЭГ
Катар улс дэлхийн хамгийн аюулгүй 20 орны тоонд бичигддэг. Катар улс энэ жагсаалтад багтсан цорын ганц Арабын орон, Азийн хоёр орны нэг юм.
ХАМГИЙН ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ КАТАРЫНХ
Катарын Qatar Airways үндэсний агаарын тээврийн компани 2019 онд дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар тодорч байв. Харин 2020 онд энэ компани бизнес зэрэглэлийн хамгийн шилдэг үйлчилгээ үзүүлэгч, хамгийн сайн хоолоор үйлчилдэг компаниар тодорчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ