Иран: Алдартнууд баривчлагдаж, эсэргүүцлийг дарахаар цэрэг хөдөлгөв
2022-11-22 08:03

Есдүгээр сард хижабаа буруу өмссөн гэдэг шалтгаанаар саатуулагдаж, улмаар амиа алдсан Махса Амини бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн нь Иран даяар Засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл, эмх замбараагүй байдлын эхлэл болсон юм. Хоёр сар орчим үргэлжилж буй энэ эсэргүүцлийг Ираны эрх баригчид хууль бус хэмээн мэдэгдэж, жагсаал цуглаанд оролцсон хүн бүрт хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдэж байлаа. Тэд энэ үгэндээ ч хүрч, олон мянган хүнийг баривчлан, олон жилийн хорих ял, түүгээр ч зогсохгүй цаазын ял оноосон юм. Энэ удаад алдартай хоёр жүжигчин баривчлагдсаны дээр курдийн нутаг руу эсэргүүцлийг дарахаар цэрэг оруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Жүжигчид эсэргүүцлээ илэрхийлэн баривчлагдаж, Ираны хөлбөмбөгчид төрийн дууллаа дуулахаас татгалзав

ВВС агентлагийн мэдээлснээр, Ираны алдартай хоёр жүжигчин эмэгтэй болох Хенгаме Газиани болон Катайон Риахи нар хижаб эсэргүүцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн олны өмнө толгойдоо алчуур зүүлгүй гарсны улмаас саатуулагджээ. Тэднийг үгсэн хуйвалдсан, засгийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгасан байна.

 

Тэднийг ням гарагт саатуулсан бөгөөд баривчлагдахынхаа өмнө Хенгаме Газиани  Твиттер хуудсандаа "Юу ч болсон байлаа гэсэн би үргэлж Ираны ард түмний талд байна гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ бол миний сүүлчийн пост байх" хэмээн бичжээ.

 

Ираны жүжигчид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж баривчлагдсан бол энэ үеэр Катарт ДАШТ-д оролцож буй тамирчид ч мөн эсэргүүцэгчидтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн байна. Катарын ДАШТ-д оролцож буй Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Эхсан Хайсафи "Манай улсад нөхцөл байдал аймшигтай байна, хүмүүс хөөрхийлөлтэй байдалд байгаа" хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн Катар ДАШТ-ий Иран, Англитай хийх тоглолтын үеэр Ираны хөгжөөн дэмжигчид өөрийн орны төрийн дуулал явах үед шүгэлдэж эсэргүүцэл илэрхийлсэн бол Ираны шигшээ багийнхан төрийн дууллаа дагаж дуулсангүй. Тэд үүгээрээ эх оронд нь болж буй эсэргүүцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эсэргүүцлийг хүчээр дарах оролдлого 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний голомт гэгдэж буй курдийн нутгууд руу эсэргүүцлийг дарахаар цэрэг илгээжээ. Махабад хотод хуягт техник, цэргүүд олноор орж ирсэнийг харуулах дүрс бичлэг, гэрэл зургуудыг интернет хэрэглэгчид түгээсэн байна. Түүнчлэн шөнийн цагаар цахилгаан эрчим хүчийг тасалж, буун дуу гарч байгаа талаарх мэдээлэл ч гарчээ. 

 

Норвегид байх Ираны хүний эрхийн Hengaw байгууллагын мэдээлснээр, Махабад хот руу Исламын хувьсгалын харуулын корпусын цэргүүдийг нисдэг тэргээр зөөн авчирж байгаа гэнэ.

 

Ираны эрх баригчид цэрэг илгээсэн мэдээллийгн баталсан байна. Ираны курдийн нутгууд руу цэрэг илгээх болсон нь "алан хядах салан тусгаарлах бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой", аюулгүй байдлын хүчний байршлыг бэхжүүлэх зорилготой хэмээн тайлбарлажээ.

 

"Хүмүүсийн аюулгүй байдал бол нэн тэргүүний ажил. Бид алан хядагчидтай шийдэмгий тэмцэх үүрэгтэй" хэмээн Ираны эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Ираны эрх баригчид есдүгээр сард амиа алдсан Амини бүсгүйг цагдаагийнхан зодоогүй, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан, харин түүний үхлээр шалтаглан эсэргүүцэл дэгдээж байгаа нь гадны гар хөлийн оролцоотой үймээн самуун гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч эсэргүүцлийг ширүүн аргаар дарж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт гэхэд л курдийн нутгуудад дөрвөн жагсагч амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.

 

Тэмцэгчдэд оноосон цаазын ял

 

Хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдэж байгаагаар, есдүгээр сард эсэргүүцэл эхэлснээс хойш Ираны хууль сахиулагчид ойролцоогоор 400 жагсагчийн амийг хөнөөж, 16 мянган хүнийг баривчилжээ.

 

Ийнхүү баривчлагдсан жагсагчдын тавыг нь "Аллахын эсрэг дайсагнасан" хэмээн буруутгаж цаазын ял оноосон байна. Тэдний нэг нь машинаар цагдаагийн ажилтныг дайрч, хоёр дахь нь биедээ хутга, буу авч явсан, өөр нэг нь "алан хядах ажиллагаа үйлдсэн" гэж буруутгагдсан бол тав дахь хүнийг хутга ашиглан халдлага үйлдсэн эгж буруутгажээ. 

 

Баривчлагдсан хүмүүсийг шударга шүүхээр оруулалгүй цаазын ял оноож байгаад хүний эрхийг хамгаалагчид дургүйцэн, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Hengaw хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, баривчлагдсан хүмүүст өмгөөлөгч өгөөгүй, биеийн болон сэтгэлзүйн дарамт учруулж, тамлах арга хэрэглэж байгаагийн улмаас баривчлагдсан хүмүүс хийгээгүй хэргээ хүлээхээс аргагүй болж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
F:
Ooroo Irand ochij amidar malaa
2022-11-22
D:
Harin tiim. Ardchilal, erh choloogoo hadgalj bgaa Mongolooroo baharhaj yavdag
2022-11-22
АНУ мандтугай:
Ардчилгүй, дарангуйлагч, хэт шашинсаг улс ийм л замаар орно. Явж явж хамгийн чухал зүйл нь хүний эрх чөлөө юм байна.
2022-11-22
D:
Harin tiim. Ardchilal, erh choloogoo hadgalj bgaa Mongolooroo baharhaj yavdag
укроп:
УДАХГҮЙ ИРАКЫН АРААС ОРЛОО ДО. ХУДЛАА АРДЧИЛАЛ ЯРЬЖ УЛС ҮНДЭСТНИЙГ ХАГАЛАН БУТАРГАЖ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХШЭЭЛД ОРУУЛЖ ТОНОН ДЭЭРЭМДЭХДЭЭ АНУС ГАРАМГАЙ ЮМ ОО
2022-11-22
F:
Ooroo Irand ochij amidar malaa