Катар ЛГБТ-г дэмжсэн гэсэн шалтгаанаар Германы шигшээгийн онгоцыг хүлээн авахаас татгалзжээ
2022-11-22

Энэ удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Катар хүний эрхийг зөрчдөг гэдгээрээ олон улсад ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг энэ улсад тэмцээний үеэр ЛГБТ төлөөллийг дэмжсэн утга агуулга бүхий бичиг, зурагт хуудас зэргийг олны өмнө гаргах, дэмжиж байгаагаа ил тод илэрхийлэхийг хориглосон. Тиймдээ ч ЛГБТ төлөөллийг дэмжсэн гэдэг шалтгаанаар Германы шигшээ багийн онгоцыг хүлээж аваагүй гэнэ. 

 

Тодруулбал, Германы шигшээ багийн онгоцон дээр ЛГБТ -ийг дэмжсэн агуулгатай зураг наасан гэх шалтгаанаар энэ тусгай онгоцыг хүлээж авахаас Катарын эрх баригчид татгалзжээ. Арабын Mqalaty сайтын мэдээлснээр, Люфтханза компанийн онгоцон дээр эрчүүдийг дүрсэлсэн зураг байх аж. Үүнийг Катарын эрх баригчид улсад нь хориотой ижил хүйстний харилцааг сурталчилсан хэмээн үзсэн байна. Катар Германы онгоцыг хүлээж аваагүй тул онгоц Оман руу нисэж, тэндээс Германы тамирчид орон нутгийн агаарын тээврийн онгоцоор Катарт иржээ. 

 

Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон ч онгоц буцаасан мэдээлэл даваа гарагт л олонд хүрсэн байна. Германы шигшээ багийнхан Оманы шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж ялсны маргааш нь буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр Катарт очсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин