Казахстаны сонгуулийн хороо Токаев Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг зарлав
2022-11-22

Өнгөрсөн ням гарагт Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулж байгаа талаарх урьдчилсан мэдээлэл гарч байлаа. 

 

Мягмар гарагт Казахстаны Сонгуулийн төв хороо сонгуулийн албан ёсны дүнг зарлажээ. Сонгуулийн хорооны мэдээлснээр, Касым-Жомарт Токаев 81,31 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан байна. 

 

"Касым-Жомарт Токаев 6 456 392 санал буюу сонгогчдын 81,31 хувийн саналыг авсан" хэмээн Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Нурлан Абдиров мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр сонгуулийн ирц 69,44 хувьтай байсан аж. 

 

Касым-Жомарт Токаевтай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хүмүүс нь улс төрийн хувьд олонд танигдаагүй нэр дэвшигчид байсан юм. Өнөөгийн Ерөнхийлөгч ээлжит бус сонгууль зарлах болсон нь эрх мэдлээ баталгаажуулах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр Касым Жомарт Токаев Казахстаны хуулийн дагуу  долоон жил Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин