Төрийн бодлогоор Чингис хаан судлаачийг бэлтгэнэ
2022-11-25

Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нийг Монголын төр, ард түмэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд Эзэн хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож, Төрийн хэмжээнд нүсэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

 

 

 Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хоёр хүн хүртлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.   Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа зарлан хуралдууллаа. Энэ зуур Ерөнхий сайд  Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү эзэн Чингис хааны түүхт ойг ёслол төгөлдөр тэмдлэглэн өнгөрүүллээ. 

 

Мөн цаашид Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн судлалаар олон улсын түвшинд ажиллах, нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийг төрийн бодлогоор бэлтгэн сургах явдал чухал байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо. 

 

Түүний зүгээс "Чингис хаан судлал хөгжихийн хэрээр олон орны эрдэмтэн мэргэд Их хааны хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн түүхэнд оруулсан үлэмж их гавьяа зүтгэлийг танин мэдэж, үнэлэн цэгнэж, хүлээн зөвшөөрч, Эзэн хаан болон монголчуудын талаарх үнэн бодит түүх дэлхий нийтэд түгэн дэлгэрэх болно. Бид хүчирхэг хөгжингүй улс орон байгуулахыг хэдий чинээ эрмэлзэнэ, төдий чинээ эе эвээ хичээж, эх түүх, эцэг өвгөдийнхөө мэдлэг ухаан, билиг сургаалаас суралцаж, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бэхжүүлэх учиртай" хэмээлээ. 

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин