Түүхэн дэх анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисэгч Жон Макфолл
2022-11-25

Европын сансрын агентлаг сансрын нисэгчдийн багт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн багтаахаар болсон талаараа лхагва гарагт зарласан юм. Түүхэн дэх анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисэгч болох хүн нь өдгөө 41 настай Жон Макфолл аж. 

 

Европын сансрын агентлаг сүүлийн 13 жил сансрын нисэгчдийг бэлтгэхээ завсарласны эцэст анх удаа сансрын багийг дахин бүрдүүлэхээр болсон бөгөөд 20 мянган хүн оролцох хүсэлтээ илэрхийлснээс 16 хүнийг бэлтгэлд хамруулахаар сонгосны нэг нь Жон Макфолл аж. 

 

Түүнчлэн энэ удаагийн сансрын нисэгчдийн багийн онцлог нь багт шинээр багтаж байгаа гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Бэлтгэлийг амжилттай давсан тохиолдолд тэднээс тав нь сансарт нисэх юм байна. Шинэ бүрэлдэхүүнийг сансарт нисэхэд бэлтгэх сургалтын хоёр жилийн хөтөлбөр ирэх оны дөрөвдүгээр сард эхлэх аж.

 

"Оролцох үүрэгтэй"

 

Жон Макфол эмч төдийгүй пара тамирчин юм. Тэрбээр 2008 оны Паралимпэд 100 метрийн гүйлтийн төрлөөр хүрэл медаль хүртэж байжээ. Сансрын нисэгчдийг бэлтгэх томоохон төсөлд оролцуулахаар түүнийг сонгосонд ихээхэн баярлаж, бахархаж байгаа талаар Жон Макфол ВВС агентлагт ярьсан байна. 

 

Өмнө нь сансрын нисэгч болох талаар хэзээ ч бодож байгаагүй тэрбээр Европын сансрын агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нислэгт бэлтгэх хөтөлбөрт хамруулахаар хайж байгаа талаарх зарлал олж хараад энэ шалгаруулалтад оролцох ёстой гэж бодсон хэмээн ярьжээ.

 

Жон 19 настайдаа мотоциклийн осолд орж, баруун хөлөө тайруулсан аж. Гэсэн ч тэр гутарч суухын оронд спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчин болсны дээр Паралимпийн наадмуудад Их Британийн шигшээ багийг төлөөлөх болжээ.

 

Тэрбээр Европын сансрын агентлагийн хөтөлбөрт багтсан нь сансарт заавал ниснэ гэсэн үг биш, гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд бэлтгэлийн ачаалал хэрхэн нөлөөлж байгааг судлах нь цаашдаа энэ төрлийн судалгаа явуулахад ихээхэн тус дэм болно гэж агентлагийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин