ВИДЕО: Хятадууд тэг ковид бодлогыг эсэргүүцэж, Ши Жинпинийг огцрохыг шаардав
2022-11-28

Дэлхийн улс орнууд шинэ нөхцөлд дасан зохицож амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж байхад 2019 оны сүүлээр коронавирусийн халдвар анх бүртгэгдэж байсан Хятад ул өнөөг хүртэл "тэг ковид" бодлого баримталж, коронавирусийн халдвар илэрсэн даруйд хатуу хөл хорио тогтоосоор байна. Энэ нь тус улсын оршин суугчдын тэвчээрийг барж, улмаар Хятадад нэн ховорт тооцогдох эсэргүүцэл гарах шалтгаан болсон юм. Удаа дараа хатуу хөл хорионд орж байсан Жэнжоу дахь үйлдвэрийн ажилчид энэ сарын дундуур эсэргүүцэл илэрхийлэн үймээн дэгдээж байв. Энэ эсэргүүцэл хүрээгээ тэлж, Бээжин, Шанхай зэрэг том хотуудад ч эсэргүүцэл дэгдлээ. 

 

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн бол Бээжин, Нанкин хот дахь их сургуулиудад оюутнууд жагсаал зохион байгуулсан байна.

 

Хятадын томоохон хот, дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Шанхай хотод оршин суугчид жагсаал зохион байгуулахдаа "Ши Жинпинь яв!", "Коммунист намынхан зайл" хэмээн хашгиралдаж байсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Хятадын хувьд энэ төрлийн эсэргүүцэл дэгдэх нь нэн ховор, Засгийн газар болон төрийн тэргүүнээ шүүмжилсэн хүмүүсийн хувь заяа эмгэнэлтэйгээр эргэдэг талаарх мэдээлэл байнга гардаг. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогч ВВС агентлагт ярихдаа хүмүүс гудамжинд цуглахыг хараад "ихэд цочирдож, сандарсан" хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ хэмээжээ. 

 

Өөр нэг оролцогчийн өгүүлснээр, эсэргүүцлийг намжаахаар гарч ирсэн цагдаагийнхнаас өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн хандаж байгаа талаар асуухад "та нартай л адил" хэмээн хариулсан ч төрийн дүрэмт хувцастай тул цагдаагийнхан ажлаа хийхээс аргагүй болж байгаа гэнэ. Гэсэн ч цагдаагийнхан хүч хэрэглэсэн тухай мэдээлэл гарсаар байна. Тухайлбал, Ассошейтед Пресс агентлагийн мэдээлснээр, жагсаалд оролцсон нэгэн эрийг цагдаагийнхан зодсон бол бусад хүмүүс рүү нулимс асгаруулагч цацсан гэнэ.

 

Ням гарагийн өглөө гэхэд Шанхай хотод эсэргүүцэл намжсан ч эсэргүүцэл зохион байгуулагдсан гудамжудад цагдаагийнхан нэмэлт хүчээр харуулд гарчээ. Интернетэд Үрүмч дэх гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэл зураг, дүрс бичлэг гарсан бол Бээжин, Нанкины их сургуулиудад эсэргүүцлийн арга хэмжээ эхэлжээ. 

 

Тухайлбал, Цинхуа их сургууль дээр болсон эсэргүүцэлд олон зуун хүн оролцож, тэд хоосон цаас барин зогссон байна. Юу ч бичээгүй цагаан цаас барих нь Хятадын цензурийг эсэргүүцэж буйн шинэ бэлгэдэл болсон бөгөөд хүмүүс эрх чөлөө, ардчилалд уриалан хашгирч байсан талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ.

 

Эсэргүүцэл эхлэх болсон шалтгаан

Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Үрүмч хотод хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн шинэ эсэргүүцэл дэгдэж байгааг харуулсан дүрс бичлэг саяхан Хятадын олон нийтийн сүлжээгээр гарч байв. Энэ хотод байх орон сууцанд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гал түймэр гарч, 10 хүн амиа алдсаны дараа ийнхүү эсэргүүцэл дэгджээ. 

 

Дүрс бичлэг дээр, оршин суугчид үдэш болмогц хотын гудамжинд цуглан, хууль сахиулагчидтай зөрчилдөн, "Ковидын хөл хориог дуусга!" хэмээн хашгиралдах аж. Өөр нэг бичлэг дээр, хотын албаны ажилчид торгоон барьж буй хамгаалалтын хашааг олон хүн давж, эвдэлж байгааг харуулжээ.

 

Үрүмч хотод гарсан гал түймэр нь сүүлийн саруудад хатуу хөл хорионд орж өнгөрүүлсэн хятадуудын хувьд аймшигт үйл явдал болсон юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, орон сууцанд хөл хорио тогтоож, цоожилсон байсан тул оршин суугчид гадагш гарч чадалгүй амиа алджээ. Харин үүнийг эрх баригчид няцаасан ч олны эсэргүүцэл, түгшүүрийг зогсоож чадаагүй юм.

 

Гурван жилийн туршид хөдөлгөөнөө хязгаарлуулж, өдөр бүр ковидын шалгалтад орж залхсан олон сая хүн Хятадын өнцөг булан бүрт бухимдаж, энэ бухимдал цаашлаад эсэргүүцэл болон илрэх болжээ. Зарим хүмүүс Хятадын төрийн далбаа барьж, төрийн дууллаа дуулан жагсаалд нэгдэж байгааг Ши Жинпиний тэг ковид бодлогоос болж хохирч буй нутаг нэгтнүүдтэйгээ эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, босож, хөдлөхийг уриалж байгаа хэрэг хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. 

 

Өнөөгийн эсэргүүцлээс өмнө, 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотод нэгэн эр дугуй шатаан, "Сургууль, ажил дээрээ ажил хая, дарангуйлагч, улсаасаа урвагч Ши Жинпинийг авч хая! Бид эрх чөлөөг хүсэж байна, би санал өгөхийг хүсэж байна!" гэсэн бичиг барин зогссон нь Хятадын хувьд нэн ер бусын үзэгдэл юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орст мөн адил хоосон цаас бариад гудманд зогсоход баригдана. Ардчилалгүй улсууд ийм байдаг.
2022-11-28
Иргэн:
Хаалтыг цоожлож бгаад санаатайгаар галдсан юм биш үү. Энэ бол wuhan хотод хэрэглэж бсан хятад технологи
2022-11-28