Энэтхэгт гүүр нурсны улмаас олон хүн гэмтжээ
2022-11-28

Энэтхэгийн Махараштра мужийн төмөр замын өртөөн дэх явган хүний гүүр нурсны улмаас 20 гаруй хүн бэртжээ. Энэ талаарIndia Today сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагийн үдэш Балхаршах өртөөн дээр гүүр нурсан бөгөөд гүүрний тулгуур баганууд нурж эхлэх үеэр хүмүүс энэ гүүрэн дээгүүр явсаар байсан гэнэ. Улмаар гүүр нурж, хүмүүс 20 метр орчмын өндрөөс төмөр зам руу унасны улмаас найман хүний биеийн байдал нэн хүнд, эмнэлэгт хүргэгджээ. Мужийн төмөр замын хэрэг эрхлэх газар хохирогчдод нөхөн төлбөр олгохоор амласан байна. Хүнд гэмтсэн хүмүүст 100 мянга рупи буюу 1,2 мянга орчим доллартай тэнцэх мөнгө, харин хөнгөн гэмтсэн хүмүүс 50 мянган рупийгийн тэтгэмж олгоно хэмээн мэдэгджээ.

 

Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд Энэтхэгт гүүр нурсан хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Гужарат мужийн Морби хотод явган хүний гүүр нурсны улмаас 141 хүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин