"Цагаан цаасны хувьсгал" буюу Хятад дахь эсэргүүцэл
2022-11-29

Хятадад тэг ковид бодлогод дургүйцсэн олон нийт нэгдэж, эсэргүүцэл илэрхийлэх болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ эсэргүүцэл хүчээ авч, Хятадын олон хотод оршин суугчид цуглан ковидын эсрэг хатуу арга хэмжээг шүүмжлэн, эрх баригчдаа эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байв. Энэ эсэргүүцэл даваа гарагт шилжих шөнө хүртэл үргэлжилжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, олон нийтийн жагсаалд оролцогчдыг Хятадын цагдаагийнхан баривчилсаар байгаа аж. Хятадын нийслэл Бээжин, томоохон хот болох Шанхай, түүнчлэн Нанкин, Чэнду, Ухань зэрэг олон газарт ням гарагийн шөнө дунд хүртэл эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилжээ. 

 

Жагсаалд оролцогчид гудамжинд гарахдаа уриа лоозон барихын оронд хоосон цаас барин зогсож байсан аж. Энэ нь эрх баригчлдын тавьдаг цензурээс зайлсхийж байгаа хэрэг хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч онцолсон байна. 

 

Жагсаал цуглааны үеэр Хятадын хувьд нэн содон үзэгдэл ажиглагдсан бөгөөд зарим оролцогчид засгийн газраа шүүмжилж, Ши Жинпинийг огцрохыг шаарджээ. Энэ эсэргүүцэл Үрүмч хотод гарсан гал түймрийн дараа эрчтэйгээр дэгдсэн юм. Шинжаан Уйгурын Үрүмч хотод орон сууцанд гал гарч, 10 хүн амиа алдсаны дараа ковидын хязгаарлалтад бухимдаж байсан иргэд нэгдэн олон мянгуулаа жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид гагцхүү ковидын хязгаарлалт, хатуу хөл хорионы улмаас гал гарах үед хүмүүс гэрээсээ гарч чадалгүй амиа алдсан гэж үзэж байгаа аж. Улмаар иргэд нэгдэн эсэргүүэх болсон тул ковидын хязгаарлалтуудыг сулруулахад бэлэн гэж Шинжаан-Уйгурын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. 

 

"А4 хувьсгал"

 

Нанкиний их сургууль дээр болсон жагсаалын үеэр нэгэн эмэгтэй гартаа цагаан цаас барин зогсох бөгөөд дараа нь түүнийг цагдаагийнхан авч явж байгаа бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд ихээхэн тархжээ. Мөн өдрийн орой олон оюутан юу ч хэлэлгүй хоосон цаас барин зогсож байгаа бичлэг тархсан байна.

 

"Цаасан дээр юу ч байхгүй, гэхдээ энэ нь ямар утгатайг бид мэдэж байгаа" хэмээн жагсаалд оролцогч иргэн ВВС агентлагт ярьжээ.

 

Цинхуа их сургууль дээр болсон жагсаалын үеэр ч оюутнууд агаан цаас барин зогсож, эрх чөлөө, ардчиллыг шаардсан уриа лоозон хашгирч байсан гэнэ. ВВС агентлагийн сурвалжлагчийн онцолсноор, эсэргүүцэлд залуу эмэгтэйчүүд оролцож байгаа нь ихээхэн анхаарал татжээ. Тухайлбал, Цинхуа их сургууль дээр болсон жагсаалыг нэгэн оюутан эмэгтэй удирдаж байсан бөгөөд тэрбээр цаашид эрх баригчдын өмнө өвдөг сөгдөхгүй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Хятадад үг хэлэх эрх чөлөө ихээхэн боогдмол, засгийг шүүмжилсэн аливаа үгс амнаасаа унагавал хатуу шийтгэл хүлээдэг. Тиймдээ ч энэ бүх цензүрээс зайлсхийх үүднээс жагсагчид ийнхүү хоосон цаас барин зогсжээ. Улмаар энэ байдлыг дэлхийн хэвлэлүүд "А4 хувьсгал", "Цагаан цаасны хувьсгал" хэмээн нэрлэж байна.

 

Иргэдийн эсэргүүцэл тодорхой хэмжээнд үр дүнд хүрч, Шинжааны эрх баригчид ковидын хатуу хязгаарлалтуудыг сулруулахаар болжээ. Ингэснээр өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ний мягмар гарагаас эхлэн оршин суугчид хот дотроо автобусаар зорчиж болох бол ковид тархах эрсдэл багатай зарим байгууллагыг үйл ажиллагаагаа хэсэгчлэн нээхийг зөвшөөрөх аж. Ингэснээр хотын нийтийн тээвэр болон агаарын тээвэр байнгын ажиллагаагаа сэргээх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хоёр хөрш амгалан тайван л байвал бидэнд сайн юмсан. Тайван байцгаагаасай.
2022-11-29
zochin:
xar xujaa neg bosbol yun ukrain oros
2022-11-29