Хятадад дахин эсэргүүцэл гарч, жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ
2022-12-01

Гурван жилийн хугацаанд хатуу хязгаарлалтан дунд амьдарсан хятадууд тэг ковид бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон хотод жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тэд ийнхүү нэгдэх болсон шалтгаан нь Шинжаан-Уйгурын Үрүмч хотод гарсан гал түймэр байв. Галын улмаас 10 хүн амиа алдсан бөгөөд хатуу хөл хорионы үеэр байраа цоожлуулсан иргэд гадагш гарч чадалгүй амиа алдсан нь хатуу хязгаарлалт тавьж буй эрх баригчдын буруу гэж нутгийн оршин суугчид үзсэн юм. Ингээд Үрүмч хотод эхэлсэн жагсаал өөр олон хотод зохион байгуулагчид, оюутан залуус ихээр нэгдэн, эрх чөлөө, ардчиллыг шаардан, Ши Жинпинийг огцрохыг ч уриалж байлаа.

 

Даваа гарагт байдал намжсан ч мягмар гарагийн шөнө Гуанжоуд дахин эсэргүүцлийн жагсаал болжээ. Ковидын бодлогыг эсэргүүцсэн жагсаал гарч эхэлсний улмаас Хятадад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавих хяналт улам чангарч, жагсаал цуглааны талаар огт мэдээлэхгүй, олон нийтийн сүлжээн дэх постуудыг устгаж, хянаж байгаа тул Гуанжоуд гарсан эсэргүүцлийн талаарх мэдээлэл лхагва гарагийн үдэш л олон улсын сонорт хүрчээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Хятадын өмнөд нутагт байх, 13 сая хүн амтай Гуанжоу хотод мягмар гарагийн шөнө дахин эсэргүүцэл дэгдэж, улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Ширүүн мөргөлдөөн болж, жагсагчид цагдаагийнхан руу лонх, хог хаягдал шидэж, түүнээс бултах гэсэн цагдаагийнхан бамбайны араар нуугдаж байгааг харуулсан дүрс бичлэгүүд цахим орчинд тархжээ. Өөр нэг бичлэг дээр зарим жагсагчийг гавлан авч яваа нь дүрслэгдсэн байна. Хятадын олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллээр, Гуанжоу хотын Хайжу дүүрэгт эсэргүүцэл өрнөсөн бөгөөд тухайн үед 100 орчим цагдаа Хайжу дүүргийн Хоужяо хороололд ирж, гурван хүнийг баривчилжээ.Өмнө нь, энэ сарын эхээр Гуанжоу хотын Хайжу дүүрэгт коронавирустэй тэмцэх хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хэдэнтээ болж байсан аж. 

 

Хязгаарлалтыг сулруулав 

 

 

Гуандун мужид ийнхүү эсэргүүцэл дэгдэж, мөргөлдөөн гарсны дараа тус мужийн Гуанжоу хотын эрх баригчид хотын хэд хэдэн дүүрэгт хатуу хязгаарлалтыг сулруулахаар бослон талаар 11 дүгээр сарын 30-ны өдөр Глобал Таймс сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хотын эрх баригчид дөрвөн дүүрэгт тавьсан хатуу хөл хориог цуцалсан бол өөр нэг дүүрэгт хязгаарлалтыг хэсэгчилэн цуцалсан байна. Түүнчлэн, цаашид хотод аливаа хязгаарлалт тавих, тухайлбал, хөдөлгөөн хаахаар бол тухайлсан цэгт, өөрөөр хэлбэл орон сууцанд халдвар илэрлээ гэхэд хороолол дүүргийг биш гагцхүү халдвар дэгдсэн байранд хэсэгчилсэн хязгаарлалт тавина гэж эрх баригчид амлажээ.

 

Үүний зэрэгцээ бүх нийтийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил явуулахгүй гэж амласан байна. Ингэснээр 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн шинэ журам мөрдөгдөж, үйлчилгээний ажилтнууд зэрэг гагцхүү эрсдлийн бүлэгт хамаарах хүмүүсийг шинжилгээнд хамруулах аж.

 

Энд дуулгахад, Хятад улс тэг ковид баримталсаар байгаа цорын ганц улс хэвээр байгаа бөгөөд БНХАУ-ын эрх баригчид халдварын дэгдэлт гарсан нөхцөлд хотуудыг бүхэлд нь хааж, халдварыг дарах арга хэрэглэж байгаа юм. Хятад улс дотооддоо коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин боловсруулан гаргасан ч эдгээр вакцин нь бусад орнуудад ашиглагдаж буй технологитой харьцуулахад төдийлөн сайн үр дүн үзүүлэхгүй байгаа талаар шинжээчид онцолдог. Тодруулбал, Пфайзер вакцин өвчин хүндрэх, нас барах эрсдэлээс 90 хувь хамгаалж байгаа бол Хятадын Синовак вакцины энэ үзүүлэлт ердөө 70 хувьтай байгаа аж.

 

Түүнчлэн, Хятадад хүн ам дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт төдийлөн өндөр биш, коронавирусийн халдвар авсан нөхцөлд өвчин нь хүндрэх эрсдэлтэй ахмад насны хүмүүс дархлаажуулалтад хамрагдсан нь бага бөгөөд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд дархлаа үүссэн үзүүлэлт ч бага байгаа талаар судлаачид онцолж байна. Ийм нөхцөлд ковидын шинэ хувилбарууд хурдацтай тархаж, Хятадад халдварын дэгдэлт хяналтаас гарах эрсдэлтэй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин