БНХАУ 2023 оны дундуур ковидын хязгаарлалтуудаа цуцална
2022-12-01

Коронавирусийн халдвар анх бүртгэгдэж байсан Хятад улс цар тахал эхэлсэн цагаас л хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Дэлхий дахин цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд дасан зохицож, хэвийн амьдралдаа шилжсэн өнөөдөр ч Хятад халдварын дэгдэлтийг дарахын тулд тэг ковид бодлогоо баримталсан хэвээр байна.

 

Харин хатуу хөл хорио, хязгаарлалт дунд гурван жил амьдарсан хятадууд бухимдлаа илэрхийлэн, нэгдэн, эсэргүүцлээ тэмцэж эхэлсэн юм. Улмаар зарим бүс нутгууд хатуу хязгаарлалтуудыг хэсэгчлэн сулруулахаар болсон. Харин нийт Хятад даяар ирэх онд л хязгаарлалтыг цуцлахаар болжээ.

 

SCMP сонины мэдээлснээр, БНХАУ 2023 оны дунд үе гэхэд ковидын эсрэг бүхий л хязгаарлалтуудаа бүхэлд нь цуцлахаар болсон байна. Ирэх долоон сарын хугацаанд БНХАУ хязгаарлалтын арга хэмжээнүүдээ ээлж дараалан цуцалж, улмаар 2023 оны долдугаар сар гэхэд бүрэн нээлттэй болох аж.

 

Хятад ийнхүү хатуу хязгаарлалтаа цуцалж, үүд хаалгаа нээснээр тус улсын эдийн засгийн хөгжлийн өсөлтийн үзүүлэлт огцом өснө гэж шинжээчид үзэж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, Хятад улс нээлттэй болсноор ДНБ нь таван хувиар, тэр дундаа үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 5-7 хувиар, хэрэглээ таван хувиар өснө гэж Блүмберг агентлагийн шинжээчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин