ДАШТ-ий түүхэн дэх анхны эмэгтэй гурвал
2022-12-02

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон дээд амжилт эвдэгдэж, олон сонирхолтой үйл явдлууд гарсаар байна. Үүний нэг нь эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа эмэгтэй шүүгчид шүүсэн явдал байлаа. 

 

ДАШТ-ийн үеэр Герман, Коста-Рикагийн багуудын тоглолтыг эмэгтэй шүүгчдийн баг шүүсэн нь эрэгтэйчүүдийн ДАШТ-ийн хувьд түүхэн дэх анхны тохиолдол байв. Талбай дээр гол шүүгч болон туслах гээд нийт гурван шүүгч гурвуулаа эмэгтэй байсан юм. 

 

Эмэгтэй шүүгчийн гурвалыг Францын иргэн Стефани Фраппар ахалсан бөгөөд ингэснээр тэрбээр дэлхий аваргын хүрээнд явагдаж буй эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолтыг шүүсэн анхны эмэгтэй шүүгч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж байна. Үүнээс өмнө, өнгөрсөн долоо хоногт тэрбээр өөр нэг чухал амжилт тогтоосон. Тодруулбал, Мексик, Польшийн хооронд явагдсан тоглолтыг шүүх дөрвөн шүүгчийн багт мөн л анхны эмэгтэй шүүгч болон багтсан юм.

 

Тоглолтын өмнөх сэтгэгдлээ хуваалцахыг ВВС агентлагийн сурвалжлагч хүсэхэд "бидэнд хариуцлага хүлээх үе ирж байна" хэмээн хариулжээ. 

 

"Тайван, нухацтай хандаж, тоглолтод бүх анхаарлаа хандуулах ёстой. Өөрсдийнх нь талаар сэтгүүлчид юу гэж ярих, бичих талаар бодохын ч хэрэггүй, энэ талаар мартах ёстой. Гагцхүү талбай руу л бүх анхаарлаа хандуулах ёстой" хэмээн Фраппар өгүүлжээ.

 

Эрэгтэйчүүдийн тоглолтын үеэр эмэгтэй шүүгчдийг гутаан доромжилсон, эсвэл өөр байдлаар сэтгэлзүй рүү нь дайрсан тохиолдол гарч байсан эсэх талаар асуухад тэрбээр үргэлж дэмжлэг хүлээн авдаг байсан хэмээн хариулсан байна.

 

"Намайг карьераа эхлүүлэхээс эхлээд л баг, клуб, тоглогчид үргэлж дэмжсээр ирсэн. Цэнгэлдэх хүрээлэнд зогсож байхдаа намайг хараад баярлаж байгааг би мэдэрдэг. Тиймээс сэтгэл гонсойлгох зүйл огт үгүй. Тоглолтын талбай дээр би бусдын л адил шүүгч" хэмээн Стефани Фраппар хариулжээ.

 

2020 онд Фраппар Аваргуудын лигийн эрэгтэйчүүдийн тоглолтыг шүүх анхны эмэгтэй шүүгч болж байлаа. Түүнчлэн тэрбээр 38 насандаа буюу 2019 онд UEFA-ийн эрэгтэйчүүдийн тоглолтыг шүүсэн анхны эмэгтэй шүүгч болж түүхэнд нэрээ үлдээсэн юм. 

 

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүлгэхээр нийтдээ 36 хүнийг сонгосон бөгөөд тэдний ердөө гурав нь л эмэгтэй шүүгч юм. Тэдгээр нь Францын шүүгч Стефани Фраппар, Руандагийн Салима Мукансанга, Японы иргэн Йошими Ямасита нар бөгөөд тэд пүрэв гарагт эмэгтэй гурвал болж Герман, Коста-Рикагийн тоглолтыг шүүж, түүхэнд үлдлээ.

 

Ëсими Ямасита

Ямасита бол ДАШТ-2022-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан цорын ганц Японы иргэн. Тэрбээр 2019 онд Францад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ, Токио-2020 олимпын хөлбөмбөгийн тэмцээнийг шүүж байв.

 

2022 онд тэрбээр Японы эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн шүүсэн анхны эмэгтэй шүүгч болж байв. Өдгөө 38 настай тэрбээр эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг шүүх анхны эмэгтэй шүүгч болж байгаагаараа бахархахын дээр хариуцлага мэдэрч байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Эрэгтэй хөлбөмбөгийг шүүх замыг тавьсан бусад эмэгтэй шүүгчдийнхээ өмнө хариуцлага хүлээх шаардлагатай болж байгаагаа мэдэрч байна. Тэд байгаагүй бол би Катарт ирэхгүй байх байлаа. Энэ итгэлийг хөсөрдүүлж болохгүй, энэ бол маш том хариуцлага, ийм хариуцлага үүрэх болсондоо баяртай байна. ДАШТ-ийг шүүнэ гэдэг миний төсөөлж ч чадахгүй байсан мөрөөдөл. Хөлбөмбөгийн гайхамшгийг харуулахын тулд бүхнийг хийнэ" хэмээн Ёсими ФИФА-ын сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Ёсими шүүгч болсон нь тун санамсаргүй тохиолдол байв. Хөлбөмбөгийн шүүгчээр ажиллаад үзэхийг найз нь түүнд ятгажээ. Тэрбээр шүүгч болохоосоо өмнө фитнесийн зааварлагч байсан аж.

 

Салима Мукансанга
 

Өдгөө 34 настай Салима Мукансанга  хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй Руандагийн анхны шүүгч болж байна. Тэрбээр 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ, Токио-2020 оны олимпын эмэгтэйчүүдийн тоглолтыг шүүж, Африкийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээнд ажилалж байсан. Харин энэ оны эхээр Камерун дахь Африк үндэсний цомын эрэгтэйчүүдийн тэмцээн дээр ажилласан анхны эмэгтэй шүүгч болжээ.

 

"Бид эрэгтэйчүүдийн тоглолтыг хангалттай төвшинд шүүж чадна, үүнд амжилт гаргана гэдгээ бид харуулна. Энэ бол эмэгтэйчүүдийн ДАШТ-тэй л адил. Олимпын наадам болон өнөөгийн энэ тэмцээн нь надад болон бусад эмэгтэйчүүдийн хувьд тохиож буй гайхалтай боломж" хэмээн Салима ярьжээ.

 

Салима сурагч байхдаа сагсан бөмбөг тоглох мөрөөдөлтэй байж. Гэвч төрөлх хотод нь сагсан бөмбөгийн талбай байсангүй. Ингээд хөлбөмбөг сонирхох болжээ. Ахлах сургуульд байхдаа тэрбээр ангийнхаа тоглолтыг шүүдэг болсон аж. Тэрбээр их сургуулийг "сувилахуйн ухаан, эх баригч" мэргэжлээр төгссөн ч эргээд хөлбөмбөгөө сонгосон байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин