Олон улсын хэвлэлүүд: Монголын жагсаал тайвнаар өндөрлөж, жагсагчид хогоо цэвэрлээд тарлаа
2022-12-06

 

Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилж, даваа гарагт эмх замбараагүй байдалд шилжих хандлагатай болсон жагсаал өчигдөр олон улсын анхаарлын төвд орлоо. Даваа гарагийн үдэш Нийслэлийн засаг даргын захирамж гарч, жагсаалыг хүчээр тараахаар шийдсэн ч энэ шийдвэр хэрэгжиж эхлэх цаг дөхөхөд жагсагчид ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй тайвнаар тарсан юм. Үдэш болоход нөхцөл байдал хурцдах тийшээ хандсан ч жагсаал аажмаар тайвнаар тарж, ийнхүү тарахдаа жагсагчид хогоо цэвэрлэсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.Гадаадын хэвлэлүүд манай улсад болсон жагсаалын талаар хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэе. 

 

Латвид төвтэй "Медуза" сайт: 

 

Монгол Улсын нийслэлд эсэргүүцэл дэгдэж, улмаар эрх баригчид онц байдал тогтоох талаар бодолцохоос аргагүй болов. Иргэд ийнхүү дургүйцэн тэмцэх болсон нь БНХАУ-аас ирсэн, албан тушаалтнуудын авлигатай холбоотой мэдээлэл юм. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, 12,9-17,6 тэрбум долларыг гэмт хэргийн схемээр хулгайлсан төрийн албан хаагчдын жагсаалтыг Бээжин Улаанбаатарт дамжуулан өгсөн аж. Монголын Засгийн газар эдгээр хүмүүсийн нэрсийг зарласангүй, харин иргэд нь үүнийг мэдэхийн тулд Засгийн газрын ордон руугаа дайрсан юм.

 

Улаанбаатарт дэгдсэн эсэргүүцэл даваа гараг гэхэд Монголын эрх баригчдын хувьд жинхэнэ аюул занал болж хувирав. Энэ өдөр жагсагчид Засгийн газрын ордон руу дайрахаар хэдэнтээ оролдсон юм. Гэсэн ч жагсагчид амжилт олсонгүй, Сүхбаатарын талбай дээр зассан шинэ жилийн гацуурт уураа гаргаж, чимэглэж зассан модыг шатаажээ.

 

Оросын "Коммерсант" сонин: 

 

"Нүүрсний хулгайчдыг зарла" хэмээн шаардаж байсан жагсагчид ням гарагт Ерөнхий сайдын байрладаг байр руу явсан ч цагдаагийн хамгаалалттай тулгаран зогссон байна. 

 

"Ням гарагт талбай дээр үндэсний хувцастай хүмүүс байхыг би харсан, тэд зүгээр л зугаалж байсан. Тэд холын аймгаас ирсэн бололтой. Даваа гарагт тэдэн дээр шинээр хүмүүс нэмэгдэж эхэлсэн. Ингээд гудамж талбай хааж эхэлсэн" хэмээн Улаанбаатар дахь Орос-Монголын Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн дарга Владислав Портнов Коммерсант агентлагт ярьжээ.

 

Түүнчлэн "Монголд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах соёл төлөвшсөн, жагсаал болсон ч тайван өрнөдөг. Жагсагчдыг хүчээр тараах хэрэг бараг гардаггүй" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Монголын Цагдаагийн газрын үзэж байгаагаар, өнөөгийн дуулианы гол эзэн, нүүрс экспортын "Эрдэнэс Таван-Толгой" компанийн халагдсан удирдлагууд эсэргүүцлийг зохион байгуулсан гэнэ. Нөхцөл байдал хүндрэх үед Монгол Улсын нийслэлийн засаг дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар жагсагчдыг албадан тараах шийдвэр гаргасан. Гэсэн ч энэ шийдвэрийг гүйцэтгэх шаардлага гарсангүй, учир нь жагсагчид сайн дураар талбайг орхин явцгаасан юм.

 

Оросын ТАСС агентлаг: 

 

Жагсагчид үймээн дэгдээж эхэлсэн тул Монгол Улсын нийслэлийн засаг дарга жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан ч жагсагчдыг тараахад хүч хэрэглэх шаардлага гарсангүй. Учир нь Засгийн газрын ордны ойролцоо цугласан жагсагчид сайн дураар талбайг орхилоо.

 

Орон нутгийн цагаар 23:00 цаг Москвагийн цагаар 18:00 цаг гэхэд жагсагчид Сүхбаатарын талбайг орхисон бол өдрийн туршид, жагсаал үргэлжилж байхад талбайг цэвэрлэж байсан залуус үлдээн, хог цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсэн юм.

 

 

Британийн ВВС агентлаг:

 

Монголын нийслэл Улаанбаатар хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжиллээ. Жагсаалд оролцогчид Монголын төсвийн гол эх үүсвэр болох нүүрсний нийлүүлэлттэй холбоотой луйвар, авлигад албан тушаалтнуудыг буруутгаж байгаа аж.

 

Даваа гарагт жагсагчид Засгийн газрын ордон руу дайрахыг оролдсон ч дараа нь төв талбайг сайн дураар орхин явжээ. Өмнө нь, бямба гарагт жагсагчид Монголын Ерөнхийлөгчийн байр руу очих гэсэн ч тэдний замыг цагдаагийнхан хаасан байна. Харин даваа гарагт эсэргүүцэл дахин сэргэж, хүчний байгууллагынхантай мөргөлджээ.

 

Улаанбаатар хотод -21 хэмийн хүйтэн байсан ч хүйтнийг үл хайхран олон мянган жагсагч Сүхбаатарын талбайд цугларсан байна. Жагсагчид төв замыг хааж, талбай дээр зассан гацуурыг шатаан, Засгийн газрын ордон руугаа дайрахыг оролджээ. Дотогш нэвтэрсэн хүмүүсийг цагдаагийнхан саатуулсан ч удалгүй тавьж явуулсан байна. 

 

Монголын нийслэлийн эрх баригчид жагсагчдыг хүчээр тараах шийдвэр гаргасан ч жагсагчид сайн дураар тарсан төдийгүй талбай дээр ч хог үлдээлгүй, бүгдийг цэвэрлээд явжээ. 

 

Францын France24 олон нийтийн телевиз:

 

Энэ даваа гарагт олон мянган хүн Монголын нийслэл Улаанбаатар хотод жагсаалд нэгдлээ. Тэд нүүрсний салбар дахь авлига болон инфляцийн өсөлтийн эсрэг жагссан юм.

 

Өвлийн ид хүйтэнд жагсагчид Сүхбаатарын талбайд цуглан, авлигын эсрэг шударга ёс, 15,2 хувьд хүрсэн инфляцийн нөхцөлд парламентыг тарахыг шаардаж байв. Түүнчлэн тэдний гол зорилго нь Монголын нүүрсний салбартай холбоотой, энэ салбараас олон тэрбум доллар хулгайлсан албан тушаалтнуудыг илчлэх явдал байсан бөгөөд авлигын хэрэгт холбоотой улс төрчдийг зарлахыг шаардаж байлаа. 

 

Монгол Улсын экспортын 86 хувь нь Хятадыг чиглэсэн байдаг бөгөөд энэ экспортын талаас илүү хувийг нүүрс эзэлдэг юм. Энэ онд Монгол Улс Хятад руу 19 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2021 оны үзүүлэлтээс давж байна. Монгол Улсын нүүрсний экспортын өртөг 2022 оны эхний есөн сард 4,5 тэрбум доллар болж өссөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин их байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
аймхай байх банзалдахааас өөр юм мэдэхгүй арчаагүй сармагчингууд. сармагчин шиг мэдлэг мэргэжилгүй радиогоороо гаж секс бол соёл гээл орилдог ичгүүргүй бузар юмнууд
2022-12-07
Манай Монгол улс эцэг дээд үиэсээ тэнгэр дээдсээ хүндэлсэн ямарч ширүүн цагт агуу их ухаантай уламжилтай гэдгийг залуучууд бүсгүйчүүд минь харууллаа
2022-12-06
Нүүрсний хулгайчууд ил байна улс төрчид их хурал зг.н гишүүд олгиорхууд ил байна бүгдийг барьж хорь хөрөнгийг нь хураа цэрэнпунцаг сү.батболд дэлгэрсайхан ж.мөнхбат гээд л
2022-12-06
Иргэн:
Гацуур шатаасан хашаа эвдсэн нь нүүрсний хулгайчуудийн хийсэн явуулага шүү цагдаа дарга нар мэдэж байгаа тэдэнтэйгээ ярих бизээ
2022-12-06
Хойч ирээдүй маань ухамсартай мундаг бнаа. Харин тэр сүлд мод шатаасан, хашаа эвдсэн оркуудыг огт ойлгохгүй юм. Хүүхдүүд чимгэлсэн сүлд мод гэсэн.
2022-12-06
zochin:
Японы хөлбөмбөгчид талбай, байраа цэвэрлэсэн гэж уншиж байсан, гэтэл манай жагсагчид мундаг соёлтой, ухамсартай болжээ, дэмжиж байна!!!
2022-12-06
Оросын комсомольская Правда сайтад засгийн газрын ордныг жагсагчид эзэлсэн гэсэн гарчигтай мэдээ байрлуулсан байсан
2022-12-06