Индонезид гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хуулиар хориглов
2022-12-07

Индонезийн парламент гэр бүлийн харилцаатай холбоотой шинэ хууль баталсан талаар ВВС мэдээлжээ. Энэ хуульд зааснаар гэр бүл болоогүй хүмүүс бэлгийн харилцаанд орвол хорих ял оноохоор тусгасан байна.

 

Шинэ хууль нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт бөгөөд гурван жилийн дараа хүчин төгөлдөр үйлчлэх аж. Энэ нэмэлтээр гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хориглосны дээр ерөнхийлөгчөө гутаан доромжлох, төрийн үзэл суртлын эсрэг үг хэлэхийг ч хоригложээ.

 

Шинэ хуулийн төсөл олон нийтэд ил болсны дараа Индонезийн иргэд энэ өөрчлөлтийг эсэргүүцэж, Жакарта дахь парламентын ордны гадна жагссан байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ жагсаалд цөөн хүн оролцжээ.

 

"Засгийн газар хүний эрх, эдийн засаг, соёлд анхаарлаа хандуулж, эдгээртэй холбоотой хууль батлах ёстой байсан. Гэтэл үүний оронд ардчилсан бус, бидний хувийн амьдралыг хянасан, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалаагүй хуулийг тэд баталлаа. Манай улсын хувьд энэ нь нэг алхам ухарсан хэрэг болж байна" хэмээн эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч Ройтерс агентлагт ярьжээ.

 

Индонезийн эрх баригчдын баталсан хуульд орчин цагт ихээхэн дэлгэрсэн хамтран амьдрагчдыг ч хууль бус гэж үзэхээр заасан байна. 

 

Тухайлбал, гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах, гэрлээгүй хос бэлгийн харилцаанд орохыг энэ хуулиар хоригложээ. Энэ хориг индонезичүүд төдийгүй энэ улсад байгаа гадаадын иргэдэд ч хамаарах юм байна. 

 

Хүний эрхийг хамгаалагчид энэ хуулийг эмэгтэйчүүд, шашны цөөнх, ЛГБТ төлөөллийн эрхийг боомилсон гэж үзэж байгаа аж. Шашны цөөнхийн эрх зөрчигдөнө гэж үзэх болсон шалтгаан нь шинэ хуулиар шашнаас татгалзахыг хууль бус хэмээн үзжээ. Товчхондоо, шашин шүтдэггүй хүн энэ улсад хууль зөрчигч болж таарах нь.

 

Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч эсвэл дэд ерөнхийлөгчийг гутаан доромжиловол хууль зөрчсөн гэж үзэхээр болжээ. Тэднийг гутаан доромжлох, түүнчлэн үндэсний үзэл баримтлалтай харшлахуйц үзэл санаа илэрхийлвэл гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх юм байна.

 

Хэдийгээр эрх баригчид энэ хуулийг боловсруулахдаа нийтлэг эрх ашиг дээр тулгуурласан хэмээн мэдэгдсэн ч хүний эрхийн Human Rigths Watch байгууллага шинэ хуулийг хүний эрхийн салбар дахь сүйрэл хэмээн нэрлэжээ.

 

Энэ байгууллагын Ази тив хариуцсан захирал Элейн Пирсон ВВС агентлагт ярилцлага өгөхдөө шинэ хуулийг "өөрийгөө орчин үеийн муслимын ардчилал хэмээн харуулах гэж хичээдэг Индонезийн хувьд асар том уналт " хэмээн нэрлэсэн байна.Түүнчлэн Human Rights Watch байгууллагын Азийн хэлтэсийн төлөөлөгч Фил Робертсон шинэ хууль улс оронд тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхэнд ноцтойгоор нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Энэ хууль Индонезийн аялал жуулчлалт хүндхэн цохилт өгнө гэж би бодож байна. Би Балид бага хуралд оролцож байгаа. Миний байрласан буудалд байгаа хүмүүс энэ тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Энэ хууль Индонези руу ордог олон улсын хөрөнгө оруулалтад ч нөлөөлж болзошгүй. Гэр бүлээс гадуурх харилцаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болвол энэ нь Индонези даяарх эмэгтэйчүүдэд нөлөөлнө. Учир нь гэрлэхээс өмнө жирэмсэн болвол энэ талаар цагдаагийнхан мэдсэн нөхцөлд шууд л гэмт хэрэгт тооцогдоно" хэмээн Фил Робертсон өгүүлжээ.

 

Жакартад ажилладаг судлаач Андреас Харсаногийн өгүүлснээр, Индонезид олон сая хос гэрлэлтээ албан ёсоор батлуулалгүйгээр амьдардаг, тэр дундаа уугуул иргэд эсвэл орон нутагт амьдардаг мусульманчууд шашны зан үйлээр гэрлэсэн байдаг аж.

 

"Ингээд эдгээр хүмүүс хууль зөрчсөн болж таарна. Учир нь хамтран амьдрахыг зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэгт тооцохоор болсонТ хэмээн Андреас Харсано ВВС агентлагт ярьжээ.

 

Гурван жилийн дараа мөрдөгдөх энэ хуулийн зүйл заалтын улмаас Индонезийн аялал жуулчлал ихээхэн хохирол амсах магадлалтай. Учир нь энэ улс секс аялал жуулчлалаар гадаадын жуулчдыг ихээхэн татдаг юм. 

 

Түүнчлэн энэ хуулиар шашин шүтэх ёсыг нэг мөр хуульчиллаа. Хууль батлагдахаас ч өмнө Индонезид шашингүйн үзлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд иргэд тус улсад зайлшгүй шүтэх ёстой зургаан шашны нэгийг заавал сонгох ёстой байсан аж. Энэ улсын 267 сая хүн амын ихэнх нь ислам шашинтай.

 

Шүтлэгтэй улс учир өнөөгийн хууль батлагдахаас ч өмнө Индонезийн зарим бүс нутгуудад бэлгийн харилцааны талаар шашны хатуу дэг үйлчилдэг байв. Шашны номлолоор гэр бүл болоогүй хүнтэй эмэгтэйчүүд ойртон дотносохыг ёс бус хэмээн үздэг юм.

 

Шинэ хуулиар дараах нэмэлтүүдийг оруулжээ:

— Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг гутаан доромжилвол гурав хүртэлх жилийн хугацаатайгаар хорих ял оноож  200 сая рупийгээр торгох (shuud.mn: монгол мөнгөөр 33,6 сая төгрөг) ;

—төрийн институтуудыг доромжлохыг хориглох. Зөрчвөл 1,5 хүртэлх жилийн хугацаагаар хорих бөгөөд энэ үйлдлийн улмаас олон нийтийн дунд үймээн самуун дэгдвэл хорих ялыг нэмнэ;

— төрөөс урвах. Энэ заалтаар буруутгагдсан этгээдийг 12 хүртэлх жилийн хугацаагаар хорино;

— урьдчилж мэдэгдэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоно;

— хуурамч мэдээлэл тараахыг хориглох. Зөрчвөл зургаа хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж, 500 сая рупийгээр (shuud.mn: монгол мөнгөөр 84 сая төгрөг) торгох

— шашингүй үзлийг сурталчлахыг хориглох. Энэ заалтыг зөрчвөл таван жилийн хорих ялтай.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэр бүлтэй хүнтэй явалдагч гуравдагч итгээдэд хариуцлага хүлээлэгдэг болох хэрэгтэй. Мөн эхнэр нөхөр 2- н хэн нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож салах шалтаг болсонд нь эд хөрөнгийг нь өгдөггүй болох хууль гарга. Тэгэхгүй бол энэ улс орон чинь садар самуун хирээс хэтэрч салалт ихсэж бгааг статиск мэдээгээ хараад хуулиа хатуу гаргаачээ. Юу хүлээж, юуг өөгшүүлээд бгаа юм бэ? Эхлээд гэрээ зас, дараа нь төрөө зас. Гэр бүлийн хариуцлагын хатуу хууль гаргахгүй бол салалтын гол хохирогчид хүүхдүүд болоод бна. Ирэндүйгээ хар
2022-12-07
Зочин:
Зөв.
2022-12-07