Өргөтгөлийн ажил нь нам зогссон АМГАЛАН СТАНЦ доголдож эхэлсэн үү
2022-12-07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зарим орон сууцны хорооллын айл өрхүүдийн халуун ус тасарсан байдалтай байгаа.  Учир нь Амгалан ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэн учир ийнхүү айлуудын халуун ус тасарсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, багийнхан ажиллаж гэмтлийг өчигдөр оройн 20:00 цаг гэхэд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Гэвч одоогоор Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 22, 25,26,36,43-р хорооны айл өрхүүдийн хэрэглээний халуун ус тасарч, зарим хэсэг халаалт доголдсон хэвээр байгаа талаар тус орчмын айлууд нийгмийн сүлжээндээ бичиж байна. 

 

 

Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ компаниас тодруулахад "Гэмтлийг зассан. Халуун ус эргэхэд 4-5 цагийн хугацаа орно. Халаалт доголдсон зүйлгүй" хэмээн мэдээллээ.  Харин ...тоот байрны Орон сууцны контортой холбогдож халаалт халуун ус доголдсон асуудлыг тодруулахад "Өнөөдөр үдээс хойш хэвийн болно" гэсэн тайлбарыг өглөө. 

 

Ийнхүү өвлийн эхэн сар гарахтай зэрэгцэн нийслэлийн орон сууцны айл өрхүүдийн хэрэглээний ус, халаалт доголдож эхэллээ. Уг нь энэ оны зургадугаар сард  Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах зорилгоор Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн ажил албан ёсоор эхлээгүй байна.  Өнөөдрийн байдлаар өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгч компани шалгарсан ч өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд  санхүүжилттэй холбоотой гэрээний асуудал гацаанд орсон гэх. Хэрэв энэ гэрээ эцэслэгдэн шийдвэрлэгдвэл жил хагасын хугацаанд  өргөтгөлийн ажлыг хийж дуусгах төлөвлөгөө боловсруулжээ. 

 

Ингэснээр өнөөдрийн байдлаар 60000 орон сууц, 8000 аж ахуй нэгжийн 4.4 сая мкв талбайг дулаанаар хангадаг байдал 20.000 орон сууц, 2500 аж ахуй нэгжийг дулаанаар хангах боломж бүрдэх тооцоо гаргажээ. Гэхдээ энэ бол ирэх жилийн өвөл ч хийгдэхгүй ажил. Хэрэв төлөвлөгөө ёсоор Амгалан станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн зургадугаар эхэлсэн бол ирэх жилийн хүйтнээс өмнө, нийслэлийн зүүн бүсийн орон сууцны айлууд санаа чилээх зүйлгүй өвөлжих байв. Гэвч өргөтгөлийн ажил өнөөдөр ч хэзээ эхлэх эсэх нь тодорхойгүй байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ҮҮНИЙГ Л ЗАЯАГҮЙ ГУЙЛГАЧИН ГЭЭД БАЙГААМ Ш.:
ХЭДХЭН КМ ЦААНА БҮХ ТОНОГЛОЛ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЛ НЬ БАЙНА. ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД НЬ БЭВ БЭЛЭН. ХЭРГЭЛЭХ ХЭРГЭЛЭГЧИД НЬ МӨНГӨӨ БАРИАД БЭЛЭН . ХИЙХ КОМПАНУУД НЬ БҮГД БЭЛЭН. НҮҮРС , ВАГОН, ТӨМӨР ЗАМ , ШУГАМ ХООЛОЙ БЭЛЭН. ... ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АА.. ҮҮНИЙГ ЗАЯАГҮЙ ГУЙЛГАЧИН ГЭЭД БАЙГААМ. .. ХЭРВЭЭ ЧАМАЙГ ХУВИЙН БАРИЛГЫН КОМПАНИДАА АМГАЛАНГААС ҮНЭГҮЙ ЦАХИЛГААН ДУЛААН АВ ГЭВЭЛ БАРАГ САРЫН ДОТОР ӨРГӨТГӨНӨ БЭЭЗ....
2022-12-07