Бээжингийн эрх баригчид групп аяллыг зөвшөөрлөө
2022-12-14

Хятадад ковидын хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олон нийт өнгөрсөн сарын сүүлээр олныг хамарсан эсэргүүцэл, цуглаан зохион байгуулж эрх баригчдыг шүүмжлэн, хөл хорио, хязгаарлалтыг цуцлахыг шаардаж байлаа. Үүний дараагаас Хятадын эрх баригчид шат дараатайгаар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж эхэлсэн юм. 

 

Энэ удаад Хятадад дотоодын аялал жуулчлалын салбар сэргэхүйц шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Бээжингийн эрх баригчид ковидын хязгаарлалтаа сулруулж, групп аяллыг зөвшөөрчээ. Ингэснээр дотоодын аялагчид зочид буудалд өрөө захиалж, аяллын захиалга өгч болох бөгөөд гэхдээ амны хаалт зүүж, халуунаа хэмжүүлэх шаардлагатай аж. Мөн аяллын хөтөч нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан байхын дээр аялал эхлэхээ өмнө эрүүл мэндийн код үзүүлэх ёстой юм байна. 

 

Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдварын тархалттай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг сулруулж, хотуудад зорчих хөдөлгөөнийг сэргээсэн юм. Мөн цаашдаа арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд халдвар илэрсэн нөхцөлд хот, дүүргийг бүхэлд нь биш харин халдвар бүртгэгдсэн орон байр, хороололд гэх зэргээр тухайлсан хязгаарлалтуудыг тавихаар болжээ. Хятадад дотоодод нь ийнхүү шинэ нөхцөлд дасан зохицож амьдрахаар болсон бол олон улсад нээлтэтй болж, хилээ хэзээ нээх талаарх шийдвэрийг гаргаагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин