Жагсагчид: Нүүрсний хулгайг эхлүүлсэн нууц эздийг зарлахыг шаардаж байна
2022-12-15

 

Нүүрсний хулгай луйварыг эсэргүүцэж, холбогдсон эрх мэдэлтнүүдийг зарлахыг шаардсан жагсаал төв талбайд 12 дахь өдрөө үргэлжилж байна. 


Уржигдар буюу 12 дугаар сарын 13-ны өдөр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайн хэрэгт Х.Баттулга нарын 17 хүний нэрийг зарласан билээ. Жагсагчид тухайн этгээдүүдэд хариуцлага тооц, хөрөнгийг нь хураа гэх шаардлагыг засгийн газар руу хүргүүлж  байгаа юм.  

 

 

Жагсагчдын  ихэнх нь үндэсний хувцас болох дээлээ өмссөн ба зарим нь талбайн төв хэсэгт дэлгэсэн хивсэн дээр лоозонгоо барин суужээ. Мөн хүүхдүүдээ дагуулан олон хүн ирсэн байлаа. Тэд  “Албан тушаал ямба биш, Ард түмэн боол биш, Буруугаа хүлээ ялаа эдэл”, “Амлалтаа биелүүл”, “Хулгайчдыг илчил”, “Буруу тогтолцоо биднийг туйлдуулж байна”, “ЖДҮ, Хөгжлийн банкны зээлийг төлүүлье” "Монгол сэр" гэсэн лоозон барьжээ. 


12 дахь удаагийн жагсаалд оролцож буй жагсагчдын сэтгэгдлүүдээс хүргэж байна. 

 

Жагсагчдийн төлөөлөл иргэн жүжигчин У. Цогтбаяр: Би 12 дах өдрөө би жагсаж байна. Үр дүн бол гарахгүй байгаа гэж хэлэхгүй тодорхой хэмжээнд гарч байна. Гэхдээ энэ нь хангалттай биш байна. Эх баригч намын дарга ерөнхий сайд бидэнд хэлэхдээ "Ард иргэдийнхээ талд шүү" гэж хэлсэн. Гэхдээ энэ нь ерөөсөө ард иргэдийнхээ талд биш байна. Уг хэрэгтээ бид хуулинд өөрчлөлт оруулахаар албан шаардлага гурван удаа өгсөн. Албан бичгээр өгсөн боловч хариу өгөөгүй. Хэрвээ албан бичгээр өгчихвөл хуульч, эдийн засагчтай хамт сууж байгаад ажилламаар байна. Ард иргэдийг хуулийн мэдлэггүйгээр далимдуулж байна. Эрүүгийн хуулиа 40 саяа 100 сая болгож, бүх насаар нь ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр болгож байгаа юм билээ. Төрийн том эрх мэдэлтнүүдийн хийх хулгай шүү дээ. Жижиг хулгайчид хийхгүй. Ямар зорилго бодолтой аажмаар нэрлээд байгааг ойлгохгүй байна. 


Мөн намайг Хятадын эрлийз гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан байсан. Би монгол ёс заншлаараа өссөн. Аав, өвөө минь бүгд Монголд төрсөн. Иргэний бүртгэл дээр очоод хамт шүүж болно. Намайг Хятадын эрлийз гээд баталчихвал хэнд ашигтай юм. Ямар хүмүүс намайг Хятад гээд байгаа юм" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. 

 

 

Жагсагчдийн төлөөлөл:  “Би сүүлийн гурван өдөр жагсаалд оролцлоо. Өдрөөс өдөрт жагсагчдын тоо нэмэгдэж, өвлийн энэ их хүйтэнд тасралтгүйгээр жагсаж байгаа залуучуудаараа бахархаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс бол ард түмний өмч. Хулгайчид бидний өмчийг хууль бусаар зарцуулсан. Тиймээс байж болох хамгийн хатуу хариуцлагыг тооцох хэрэгтэй. Тэр хүртэл нь бид тэмцэнэ. Үгүй бол энэ Засгийн газрыг огцруулья. Хэрэв нэр нь ил болсон гишүүд, бусад хүнээ яллаж, хөрөнгийг нь хураахгүй бол иргэдийн жагсаал ямар ч үр дүнгүй болно. Мөн хулгайчид улам даварч, тоо нь нэмэгдэнэ. Мөн зарлаагүй үлдсэн хүн ордонд олон бий. Нүүрсний хулгайг эхлүүлсэн нууц эздийг зарлахыг шаардаж байна” гэлээ. 

 

 

Хүмүүстээ уулзаад ярилцаад явж байхад гарын үсгээ зураад өгөөрэй гэх хүмүүсийн дуу энд тэндгүй сонсогдоно. Очоод хартал Хулгайлагдсан нүүрс, алдагдсан боломж, зөрчигдсөн эрхийнхээ төлөө Монгол Улсын нийт ард түмний дуу хоолой болж байгаа үе үеийн төлөөлөл, хүмүүсээ дэмжин нэгдэж байгаа юм гэсэн жагсагчдын нэр, гарын үсэг, утасны дугаар зэргийг авч байсан юм. 

 

 

Жагсагчдийн төлөөлөл:  “Миний хувьд таван өдрийн турш тасралтгүй жагсаалд оролцож байна. Бидний амьдралыг сайжруулахад зарцуулах ёстой улсын баялаг болох нүүрсийг дундаас нь завшин их хэмжээний мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. Засгийн газраас зарим нүүрсний хулгайчийг зарлалаа. Гэхдээ тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцож, яллаж, хөрөнгийг нь хураахгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс хулгайчдын нэрсийг зарлалаа гээд бид тарахгүй. Жинхэнэ хулгайчдыг бүгдийг нь зарлаж, хуулиар яллах хүртэл нь жагсана” гэж бидэнд ярьсан юм. Тэрбээр хувиараа хөдөлмөр эрхлэгч учир өдөр бүр жагсаалд оролцоход ямар ч асуудалгүйгээ бидэнд тайлбарласан юм. Мөн тэрбээр ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн юм. 

 

 

Мөн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулсан байна. Үүнээс гадна түргэн тусламжийн машин ч мөн бэлэн байдалтай зогсож байлаа. 

 


 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
ОДОО БОЛИЦГОО, ТАР
2022-12-16
Зочин:
Оюунэрдэний зохион байгуулсан жагсаал. Оорийнхоо эсрэг байдаг хумуусээс салж оорийнхоо хумуусээр бурдуулэхийн тулд зохион байгуулсан. Барууны санхуужилттэй гэж сонссон .
2022-12-15
Zochin:
За энэ жагсаалт нэг л сонин болоод бна даа бараг хулгайч нарын талд орсон байхаа
2022-12-15