Талибууд эмэгтэйчүүдийг дээд боловсрол эзэмшихийг хориглов
2022-12-21

Өмнө нь 1996-2001 оны хооронд Афганистаны төрийн эрхийг барьж байхдаа шариатын хууль нэвтрүүлж, иргэдийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн боомилж байсан шашин-улс төрийн "Талибан" цэрэгжсэн хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард дахин төрийн эрхэнд гарахдаа хуучны бодлогоос татгалзаж, шинэ дэвшилтэт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж амлаж байв. Гэвч тэд эрх мэдлийг гартаа авсан цагаасаа л эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж байсны дээр энэ удаад тэднийг их дээд сургуульд суралцахыг хоригложээ. 


ВВС агентлагийн мэдээлснээр, Афганистаны эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг эрх баригч Талибан хөдөлгөөн хориглосон байна. Эмэгтэйчүүдийг их дээд сургуульд элсүүлэхийг хориглосон энэ шийдвэр нэн даруй хэрэгжиж, тодорхойгүй хугацаанд үйлчилнэ эгж Афганистаны Боловсролын яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Ийнхүү афган эмэгтэйчүүд их дээд сургуульд суралцах боломжгүй болсноор боловсрол эзэмших эрхээ нэг мөр алдаж байгаа юм. Өнгөрсөн жил талибууд охидыг дунд сургуульд суралцахыг хориглож, охидын сургуулиудыг хаасан нь аюулгүй байдлыг бодолцон гаргасан түр зуурын шийдвэр, удахгүй сургуулиудыг нээнэ гэж талибууд мэдэгдэж байсан ч өнөө хэр нь охид сургуульдаа явж чадахгүй байгаа нь олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөөр байна.

 

Талибууд өнгөрсөн онд Афганистаны төрийн эрхэнд гарсны дараа их дээд сургуулиудад эмэгтэй оюутнуудыг эрчүүдээс тусгаарласан танхимд хичээллүүлж, тэднийг өөр өөр хаалгаар орох,  тэдэнд гагцхүү эмэгтэй багш нар орох, эрэгтэй багш орох бол настай хүн байх гэсэн шаардлагыг тавьж байв. Цаашлаад, энэ оны 11 дүгээр сард Кабулын оршин суугч эмэгтэйчүүдийг хотын цэцэрлэгт хүрээлэн рүү орохоыг хориглосон юм. Эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнгээр зугааланх нь шариатын хуулийг зөрчсөн хэрэг гэж талибууд ийм шийдвэр гаргажээ. Үүгээр ч зогсохгүй Кабулын усан сан, спорт танхим руу ч эмэгтэйчүүд орох эрхгүй болсон аж. Цаашлаад энэ журам Афганистан даяар хэрэгжинэ гэж талибууд мэдэгджээ. 

 

Түүнчлэн, талибууд төрийн эрхэнд гарснаасаа хойш Афганистаны эмэгтэйчүүдийг нүүр царайгаа ил гаргасан хувцас өмсөхийг хориглож, одоо энэ улсын эмэгтэйчүүд гагцхүү хар өнгөтэй паранжа хэмээх бүх биеийг хаасан хувцас, никаб буюу зөвхөн нүд ил гарсан хэсэгтэй хувцас өмсөхийг шаардах болсон. Мөн хэвлэл мэдээллийн салбар ч олон шаардлага, хоригтой нүүр тулсан бөгөөд талибууд төрийн эрхэнд гарснаас хойш Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 43 хувь нь хаагдаж, 6400 сэтгүүлч, ажилтан ажилгүй болжээ. Эмэгтэй сэтгүүлчдийн 84 хувь нь ажлаасаа халагдсан бөгөөд телевизийн эфирээр эмэгтэйчүүдийг гарахыг хориглосон байна. Үүгээр ч зогсохгүй ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг шаардсан юм. 

 

Улмаар талибуудын эдгээр хоригуудыг тэсвэрлээгүй эмэгтэйчүүд 2021 оны есдүгээр сарын сүүлээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Цөөн хүн оролцсон ч энэ жагсаал дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд  энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ "Талибан" хөдөлгөөнийнхний засаглалд Афганистаны нийслэлд тулгарсан анхны сорилт нь байсан хэмээн ажиглагчид цохон тэмдэглэсэн байв.

 

Хүний эрхийг дээд зэргээр боомилдог талибууд энэ эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж тул эсэргүүцлийн арга хэмжээг хүч хэрэглэн тарааж байлаа. Хамгийн сүүлд гэхэд л энэ улсад хэдэн долоо хоногийн өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Зариф Ягуби болон өөр гурван хүн баривчлагджээ. Энэ үйл явдалд олон улсын зүгээс тааламжгүй хандаж, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд хүний эрхийг хамгаалагчдыг суллахыг уриалсан ч талибууд үүнд ямар нэгэн хариу өгөөгүй хэвээр байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
" Лалын шашинтай хүн тэнэг байдаг тул дайралдвал даруй алж бай" гэж Өгөдэй Хаан хэлэв...." !"13 зууны түүхч Жувейни.
2022-12-21