"Сантос" клуб Пелегийн оршуулгад бэлдэж эхэлжээ
2022-12-27

Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга Пеле хорт хавдрын улмаас бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Түүний биеийн байдал сайжрахгүй байгаа тул түүний үр хүүхэд, ач зээ нь Пелетэй салах ёс хийхээр эмнэлэгт цугларсан талаар хэвлэлүүд мэдээлж байв.

 

Өдгөө 82 настай Пеле сүүлийн сар орчимд эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэрбээр хоёр жилийн өмнө хорт хавдартай гэдэг нь оношлогдсон юм. Одоо эмнэлэгт байгаа тэрбээр ар гэрийнхэн, ойр дотныхонтойгоо салах ёс хийжээ. Энэ талаар спортын менежментийн агентлагийн эзэн, Британийн бизнесмен Фрэнк Халид Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

"Пеле ар гэрийнхэн болон найз нөхөдтэйгээ салах ёс хийсэн. Хөлбөмбөгийн домог хавдарт ялагдаж байна, түүний биеийн байдал дахин муудсан гэж ар гэрийнхэн нь хэллээ" хэмээн Халид бичжээ.

 

Үүний зэрэгцээ Пелегийн биеийн байдал тодорхой болсон гэж үзсэн "Сантос" клуб түүний оршуулгад бэлдэж эхэлсэн талаарх мэдээлэл гарсан байна. "Сантос" бол Пеле карьерынхаа ихэнх хэсэгт тоглож байсан анхных нь клуб юм. "Ридус" сайтын мэдээлснээр, "Сатос" клуб цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд алтан авс байрлуулжээ. Энэ нь хүссэн хүн бүр домогт хөлбөмбөгчинтэй салах ёс хийх боломжийг олгох зорилготой гэнэ.

 

"Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэг дээр, Сантос клуб цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд асар босгож, дотор нь алтан авс байрлуулсан нь дүрслэгджээ" хэмээн Ридус мэдээлжээ. Авсны нэг талд хөлбөмбөгчний дүрийг сийлсэн байна.

 

Пеле 15 настайгаасаа эхлэн "Сантос" клубийн төлөө тоглож, карьерынхаа ихэнх хэсэгт энэ клубийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Тэрбээр Бразилийн шигшээ багийн хамт 1958, 1962, 1970 онуудад дэлхийн аварга болж байв. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурвантаа ялалт байгуулсан цорын ганц тоглогч юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин