Диана гүнжийн захидлыг дуудлагаар худалдана
2022-12-28

Ханхүү Уильям болон Харри нарын гарын үсэг бүхий Диана гүнжийн захидлыг дуудлагаар худалдахаар болжээ. Захидлыг дуудах эхний үнэ 18 мянган фунт стерлинг гэж The Mirror мэдээлсэн байна. 

 

Уэльсийн гүнж энэ захидалдаа Уильямын төрсөн өдөрт зориулсан баяраар мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулсан цагдаагийн түрүүч Пламбад талархал илэрхийлжээ. Түүнчлэн захидлын дор долоон настай Уильям, дөрвөн настай Харри нарын гарын хээг үлдээж, тэд нэрээ бичсэн байна. Энэ захидлыг 1989 оны зургадугаар сарын 21-ний өдөр бичжээ. Тухайн үед Лондонд нийтийн тээврийн ажилтнууд ажил хаяж байсан аж. Ийм хүндхэн үед хүүд нь зориулж шоу зохиона байгуулах боломж гаргасанд гүнж цагдаагийн түрүүчид талархал илэрхийлжээ.

 

Диана гүнжийн захидлыг Пламбын гэр бүлийнхэн олон жилийн туршид хадгалж байсан бөгөөд зургаан жилийн өмнө нэгэн цуглуулагч энэ захидлыг авсан аж. Харин энэ удаад дуудлагаар худалдаалагдах болсноор гүнжийн захидлыг өөр хүн эзэмших болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин