Оросууд Крымд хувийн цэргийн хоёр шинэ компани байгуулжээ
2023-01-12 14:30

Оросууд эзлэн түрэмгийлэгдсэн Крымийн хойгт шинээр хувийн цэргийн компани хоёрыг байгуулж, хөлсний цэргүүдийг элсүүлж эхэлжээ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг ТСН дамжуулсан байна. 

 

"Түр эзлэгдсэн Крымд "Щит" болон "Русич" нэртэй хувийн цэргийн компаниудыг байгуулж, тэндээ хөлсний цэргүүдийг элсүүлж байгаа нь  тодорхой болсон. Эдгээр компанид өмнө нь цэргийн алба хаагч байсан болон хүчний байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийг урьж, офицерүүдийг элсүүлэхийг илүүтэй чухалчилж байгаа" хэмээн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлэлд өгүүлжээ. Мөн эдгээр компаниуд хүн татахын тулд өндөр мөнгөн шагнал амлаж байгаа гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хувийн цэргийн компанид хөлсний цэрэг элсүүлэхийн тулд өндөр мөнгөн шагналаас гадна Украины нутаг дэвсгэр дээр болж буй байлдааны ажиллагаанд татан оролцуулахгүй хэмээн амлаж байгаа гэнэ. Өмнө нь Беларусьт хувийн цэргийн компани хөлснийхнийг бэлдэж байгаа гэх мэдээлэл гарч байлаа. Оросын Вагнер хувийн цэргийн компанийн дайчидтай ижил хөлсний цэргүүдийг Беларусьт бэлтгэж эхэлсэн бөгөөд өмнө нь энэ улсын тусгайгийнхан бэлтгэл хийдэг байсан тусгай бэлтгэлийн төвийг хувийн компанид шилжүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин