АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчилна
2023-01-18

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Ийм мэдээллийг Politico сонин дамжуулсан бол нэгдүгээр сарын 17-ны өдөр Төрийн департаментын өндөр албан тушаалын эх сурвалж CNN агентлагт батлажээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энтони Блинкен хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Бээжинд айлчилж, энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Гантай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Бээжин энэ айлчлалыг талархан хүлээж авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэний дээр айлчлалын үеэр "талууд нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэнэ" хэмээжээ. 

 

Блинкен Хятадад айлчилснаар Байдены захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч энэ улсад айлчилсан анхны тохиолдол болох юм. Хамгийн сүүлд, Трампыг Ерөнхийлөгч байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 2018 онд Бээжинд айлчилж байв. 

 

Сүүлийн саруудад хятад, АНУ-ын хоорондын харилцаа муудсан. Энэ нь 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой юм. Улмаар 2022 оны 11 дүгээр сард G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Байден, Ши Жиньпин нар анх удаа уулзсан бөгөөд тэд хамтдаа олон улсын асуудлууд дээр ажиллах боломжийг олж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин