Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргажээ
2023-01-19

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нэгдүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэл хийж, огцрохоор болсноо зарлалаа. Тэрбээр цаашид улс орныг удирдах хүч алга хэмээн мэдэгдээд хоёрдугаар сарын эхэн гэхэд албан тушаалаасаа буухаар болсноо онцолсон байна. 

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Жасинда Ардерн Ерөнхий сайдын алба хашсан зургаан жилийн хугацаа түүний хувьд хүнд үе байсан хэмээжээ. Цаашид энэ албан тушаалд үлдэх, ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх ямар ч боломжгүй гэж Жасинда Ардерн үзэж байгаа аж.

 

"Улс төрчид адилхан л хүн гэдгийг би мэднэ. Бид чадаж байгаа үедээ бүхнийг хийдэг. Харин дараа нь цаг нь ирнэ. Миний хувьд тэр цаг нь ирлээ" хэмээн Ардерн мэдэгджээ.

 

Жасинда Ардерныг Ерөнхий сайд байх үед Шинэ Зеланд Крайстчерчийн алан хядлага, газар хөдлөлт, улс төрийн болоод эдийн засгийн хямрал, коронавирусийн цар тахлыг туулсан юм.

 

Түүний үзэж байгаагаар, ажил нь түүний хувьд хүнд биш харин "өөр хүмүүс энэ албан тушаал дээр илүү сайн ажиллана" гэж үзэж байгаагийн улмаас огцрохоор болжээ. Өдгөө 42 настай улс төрч эмэгтэй албан тушаалаасаа буусны дараа цагаа дөрвөн настай охиндоо зарцуулж, олон жил харилцаатай байгаа найз залуутайгаа гэрлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Жасиндагийн мэдэгдэл Шинэ Зеландын оршин суугчдын хувьд гэнэтийн үйл явдал болсон талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Санал асуулгаар сонгогчдын олонх нь түүнийг засгийн тэргүүн хэвээр үлдэхийг дэмжиж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин