Ерөнхийлөгч Байдены гэрийг нэгжиж, дахин нууц материалууд олжээ
2023-01-23

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Хуульзүйн яамны ажилтнууд тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены гэрийг нэгжжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Америкийн Делавэр мужид байх Жо Байдены гэрт хууль сахиулагчид 13 цагийн туршид нэгжлэг хийж дахин зургаан нууц баримт бичиг олсон гэж өмгөөлөгч Боб Бауэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

 

Нэгжлэг хийх үеэр олдсон зарим баримт бичгүүд нь Байденыг сенатч байх үед, өөр баримт бичгүүд нь түүнийг дэд ерөнхийлөгч байх үед хамааралтай аж. Нэгжлэгийн үеэр "хувийн гараар бичсэн тэмдэглэлүүд", "дагалдах материалууд" олдсон гэж өмгөөлөгч өгүүлсэн бөгөөд энэ үеэр Байден болон түүний эхнэр байгаагүй гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Ерөнхийлөгч мөрдөн байцаагчдыг орон байрыг нь бүхэлд нь нэгжиж, түүнийг дэд ерөнхийлөгч байх үеийнх нь үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд эсвэл нууц баримт бичгүүд байгаа эсэхийг шалгахыг зөвшөөрсөн аж.

 

Байден буруудах уу? 

Дээрх үйл явдлаас өмнө, өнгөрсөн долоо хоногт Байдены гэрээс "нууц" гэсэн тэмдэгтэй таван хуудас баримт бичиг олсон нь ихээхэн шуугиан тарьж байлаа.

 

Үүнээс ч өмнө, өнгөрсөн оны 11 дүгээр сард Жо Байдены хуульчид түүний Вашингтон дахь ""Пенн-Байден" дипломат, олон улсын хамтын ажиллагааны төв дэх өрөөний шүүгээнээс нууц баримт бичгүүд олсон гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж байв. Эдгээр баримт бичгүүд нь Байденыг дэд ерөнхийлөгч байх цаг үед хамаарах аж. 

 

Эдгээр баримтууд дунд Украин, Иран, Их Британийн талаарх тагнуулын мэдээллүүд байсан гэх бөгөөд баримт бичгүүд 2013-2016 онуудынх байжээ. Нууц баримт бичгүүд нь гэр бүлийн архив бүхий хайрцаг дотор байсан гэнэ. 

 

Улмаар Америкийн Хуульзүйн яам Байден дэд ерөнхийлөгч байх үед хамаарах төрийн нууц мэдээллүүд ямар шалтгаанаар зориулалтын бус, офисын болон орон сууцанд хадгалагдаж байсныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. 

 

Ийнхүү Байдены гэр, офисоос төрийн нууцад хамаарах мэдээллүүд гарч ирсэнтэй хэргийг мөрдөн шалгахыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчуудын олонхын бүлэг санаачилсан юм.

 

Байден нууц баримт бичгүүдтэй харьцах журмыг зөрчсөн эсэхийг прокурор Роберт Хур мөрдөн шалгах бөгөөд тэрбээр өмнө нь алан хядлага, луйврын хэрэг зэргийг мөрдөн шалгаж байсан гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ. 

 

АНу-ын тойргийн прокурор зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Роберт Хур прокурорын бүхий л бүрэн эрхийг эдэлнэ, өөрөөр хэлбэл шүүхэд баримт бичгүүдийг гарган өгөхийг шаардах, эрүүгийн хэргээр ял оноохыг шаардах эрхтэй юм байна. 

 

Тэрбээр хэргийг мөрдөн шалгаж, нууц баримт бичгүүдтэй харьцах журмыг зөрчсөн хэнийг ч шүүхэд татах эрхтэй байх аж. Ингэснээр хэргийг мөрдөн шалгасны дүнд Байден төрийн нууц баримтуудыг хадгалах журмыг зөрчсөн гэж үзвэл түүнд шийтгэл оноож болзошгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За мэдэхгүй юмдаа Америк гэж гайхамшигтай улсыг!!
2023-01-28
Америкийн ардчилсан намынхан ардаа долларын банк санхүүгийн эзэдтэй.
2023-01-23
Байденд ямарч буруу байхгүй шүү. Тэр бол эх оронч хүн.
2023-01-23
Америкийн ардчилсан намынхан ардаа долларын банк санхүүгийн эзэдтэй.