Автобусны жолооч, зорчигчидтойгоо хөлдөх шахав
2023-01-23

Идэр ес эхэлж, хүйтний эрч тасхийж эхлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд нам зогсчих юм биш биз. Цонх нь битүү цантсан, халаалт нь ажилладаггүй, хаалга нь хаагдсан бол нээгддэггүй, нээгдсэн бол хаагддаггүй автобусаар зорчигчид аргагүйн эрхэнд л үйлчлүүлж байна. Мах импекс чиглэлийн автобусанд  өглөө 06.50 цагийн орчимд дараах явдал болов. 


Автобус баруун кино үйлдвэр автобусны буудалд ирж зогсоход зорчигчид увж цувсаар орж ирэв. Олонх нь автобус хүлээжээ. Тэд “Яасан хүйтэн автобус вэ. Гадаа байгаагаас ялгаагүй юм биш үү” гэцгээн ам, амандаа бувтнана. Харин жолооч “Хүйтэнд хөлдөж үхэх гээд арай л гэж явж байна. Толь хаагаад юу ч харагдуулахгүй болчихлоо, хойшоо яваад өгөөч” гэж зандрав.

 

Ийн цаашаа явах гэтэл бидний зорчиж байсан автобусны хаалга хаагдахаа больж, тэрүүхэн хугацаанд хий хөлдөн нам зогслоо. Учир нь гадаа 30 градусын хүйтэн байсан учир хөлдчихлөө гэж автобусны жолооч амандаа бувтнан хэсэг суув. Зорчигчид яав ийв болоод хэмээн асууж эхлэхэд жолооч утсаа гаргаж ирэн ойр явж байгаа нэг чиглэлийн жолооч руу залгав. Энэ чиглэлийн дараагийн автобусыг хүлээх гэтэл мөн л замдаа хөлдсөн гэв. Ингээд юу ч хийж чадахгүй зорчиж байсан 40-50 хүн жолоочтойгоо хөлдөх дөхлөө. Жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдөх шахам явж буй нь өвлийн бэлтгэлээ хангаагүйг л харуулж байгаа хэрэг билээ.  

 

Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 900 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Гэвч нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2023 оны төсөвт 339 тэрбум төгрөг тусгаж, нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийхээр төлөвлөсөн. 

 

Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь энгийн л нэгэн үзэгдэл болжээ.2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 117 автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Эдгээрээс эхний 30 автобуснууд л энэ хүйтэнд арай хийн тэсэн явж байгаа харагдана. Бусад хуучин автобуснууд идэр хүйтний энэ өдрүүдийг дааж чадахгүй бололтой. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Автобусны жолооч нар үнэндээ арчаагүй, иргэдээс бэлэн мөнгө авахыг л илүүд үзнэ. Автобусны цонх, хаалга эвдэрсэн бол засуулах, сэлбүүлэхэд огт анхаарахгүй, цэвэрлэгээ огт хийхгүй үнэхээр заваан ш дээ. Байнга утсаараа чанга чанга ярьж, инээж, хашгирч явдаг бүдүүлэг хүмүүс
2023-01-25
Идэр ес дуусчихаад байхад юу донгосоод байна аа?
2023-01-24
Мөнхбат:
Улаанхуаранд явдагуудаа солиочээ.
2023-01-24
Оогий:
Тэнүүн огоо ч48 маш хүйтэн буудал дээр цаг болход ганц ирнэ тэр нь явахгүй 2хон араатай буудалаас хөдлөхдөө 1дээ хийнэ дэгээл 2тоо хийнэ тэгээл гэлдэрч өгөндөө сууж үзээрэй сэтгүүлчидээ
2023-01-24
Алтан тариа 40 цөөхөн автобус явдаг байхаа их хүлээлгэдэг. Автобуснууд нь хуучирсан салж унах нь холгүй байдаг. Шинээр ирж байгаа автобуснаас хуваарилах хэрэгтэй.
2023-01-24
Оюун:
Манай Мориндаваад явдаг автобус их хүйтэн хүүхэд сууж ирээд даарч ирлээ гээд орж ирдэг шүү
2023-01-23
Ийм хүйтэн байхад сургууль хичээл эхлүүлнэ гээд байдаг хэдхэн хоног хойшлуулж болмоор л юм даа
2023-01-23
Бадарч тахар:
7 хоног тэсчихгүй юу ! Хуучин хасах 50 хэмийн хүйтэнд амьдарч л байсан
2023-01-23
19 р эхэлсэн дугаартай Улиастай, Гачуурт автобус их хүйтэн байна. Хуучин солонгос автобуснууд шүү
2023-01-23