Навальныйг дэмжсэн өмгөөлөгчид Путинд захидал илгээжээ
2023-01-24 10:30

Хорих ангид ял эдэлж байгаа Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг дэмжсэн нээлттэй захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинд хаяглан илгээжээ. Энэ талаар захидлыг санаачлагч, өмгөөлөгч Виктор Дроздов DW агентлагт мэдээлсэн байна. 

 

Навальныйг дэмжсэн захидалд 103 өмгөөлөгч гарын үсэг зуржээ. Өмгөөлөгчид энэ захидалдаа иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэдгээ онцолсон байна. 

 

"Бид бол өмгөөлөгч, иргэний нийгмийн төлөөлөл, ОХУ-ын иргэд. Бидний үүрэг бол ОХУ-ын хууль тогтоомжоор хориглоогүй бүхий л аргаар иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шударга, ухамсартай, сайн дураараа хамгаалах явдал юм" хэмээн өмгөөлөгчдийн захидалд өгүүлжээ.

 

Мөн өмгөөллийн статусаа хасуулсан, мэргэжил нэгт Алексей Навальныйн "үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгааг зүгээр хараад сууж чадахгүй, ийм эрх ч байхгүй" хэмээн онцолсон байна.

 

Владимирск мужид байх шоронд түүнийг хорьж байгаа нөхцөл нь "эрүүл мэнд, амь насанд нь аюултай" гэдгийг өмгөөлөгчид онцолжээ. Түүнчлэн дэлхийн соёл иргэншсэн бүхий л оронд хориглодог тамлан зовоох аргыг Навальныйн эсрэг ашиглаж байгааг цохон тэмдэглэсэн байна. Улмаар ОХУ-ын бүхий л эрх мэдэл гарт нь байдаг тул Владимир Путинд шууд хандахаас аргагүй болсон гэж захидалд өгүүлсэн байна.

 

Навальныйг дэмжсэн өмгөөлөгчдийн захидал нэгдүгээр сарын 14-ний өдөр нийтлэгдэж байлаа. Өмнө нь Оросын эмч нар ийм нээлттэй захидал гаргасны дараа өмгөөлөгчид энэ арга хэмжээнд нэгдэхээр шийдсэн гэж санаачлагч Виктор Дроздов мэдэгдэж байв. 

 

Энд дуулгахад, Алексей Навальный 2020 оны наймдугаар сард "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Мөн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин