Тушаал биелүүлээгүй цэргүүдэд оноох шийтгэлийг чангатгах тухай хуульд Зеленский гарын үсэг зуржээ
2023-01-25

Байлдааны тушаал биелүүлэхээс татгалзсан, байлдааны талбар эсвэл цэргийн анги нэгтгэлээс зугтсан цэргийн алба хаагчдад оноох эрүүгийн хариуцлагыг чангатгах тухай хуульд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гарын үсэг зуржээ. 

 

УНИАН хэвлэлийн мэдээлснээр, хуулийн төсөл батлагдсанаар Украины Цэргийн алба Зэвсэгт хүчин дэх эмх журмыг тогтоох бүрэн эрхтэй болж, цэргийн алба хаагчид, цэргийн үүрэгтэн болон бэлтгэл цэргүүдийн цугларалтын үед тэднийг согтууруулах ундаа, мансууруулах бодис болон бусад төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг багаж төхөөрөмж, тест ашиглан шалгах эрхтэй болжээ.

 

Энэ хууль нь Украины цэргийн алба хаагчид өмгөөлөл авах эрхийг хязгаарлаж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.

 

"Энэ хууль батлагдсанаар бүхий л цэргийн алба хаагч хорих ял авч мэдэх нь. Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас сайн дураараа албан үүрэг гүйцэтгэх газраа орхин явсан, эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас албандаа цагтаа ирж чадаагүй хүмүүс гээд бүгд л шоронд хоригдох болох нь" хэмээн Украины "Честно" хөдөлгөөний шинжээч Виктория Олейник мэдэгджээ.

 

Энэ хуулийн төсөлд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүссэн цахим өргөдөл 12 дугаар сарын 15-ны өдөр нийтлэгдэж, нэг өдрийн дотор 25,5 мянган гарын үсэг цуглуулсан байна. Өргөдлийг авч хэлэлцэхэд 25 мянган санал хэрэгтэй, энэ шаардлагатай санал ганцхан өдрийн дотор цугларсан ч Ерөнхийлөгч Зеленский хориг тавиагүйн дээр хуулийг батлан гарын үсэг зуржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх оронч:
Зөв ш дээ. Эх орноо хамгаалахгүй айж хулчийвал төрийн хуулиаар шийтгэх ёстой.
2023-01-28