АНУ-ын Хуульзүйн яам Google компанийг шүүхэд өгчээ
2023-01-25 09:36

АНУ-ын Хуульзүйн яам болон тус улсын найман муж хамтран Google компанийг шүүхэд өгчээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Google компани цахим сурталчилгааны зах зээл дээр давамгайлагч байр суурь эзлэж байгаагаараа өрсөлдөөнд хор хохирол учруулж байгаатай холбоотой гэж АНУ-ын Хуульзүйн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Google компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлд  Калифорни, Колорадо, Коннектикут, Нью-Жерси, Нью-Йорк, Род-Айленд, Теннесси болон Виржини гэсэн найман муж нэгдсэн байна. Нэхэмжлэлд Google компани өрсөлдөөнийг таслан зогсоох кампанит ажилд оролцон, өөрийн компанийн давамгайлах байдлыг хууль бусаар дэмжсэн гэж онцолжээ. АНУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, Google компани өрсөлдөгчдөө "залгиж", сурталчилгааны компаниудыг Google-ийн сурталчилгааны бүтээгдэхүүнийг ашиглахыг шаарддаг гэнэ.

 

Google компани 15 жилийн туршид өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа явуулсны улмаас вэб сайт болон хэвлэн нийтлэгчдийн сурталчилгааны орлого буурч, маркетингийн мэргэжилтнүүдийн сурталчилгааны зардал өсөхөд шууд нөлөөлсөн гэж Америкийн Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ. 

 

Нэхэмжлэлд өгүүлснээр, Google-ийн хууль бус ажиллагааны улмаас АНУ-ын Засгийн газар ч хохирол амссан бөгөөд 2019 оноос хойш цахим сурталчилгаа худалдан авахад 100 сая доллар зарцуулсан гэнэ. 

 

Энэ нь 2020 оноос хойш Google компанитай холбоотойгоор Холбооны засгийн газрын гаргаж буй монополийн эсрэг хоёр дахь нэхэмжлэл юм. 2020 онд Трампын захиргаа Google компанийг хайлтын сурталчилгааны салбарт өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүхэд өгч байв. Одоо хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин